УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг 2024 оны есдүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, энэ жил Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсны 30, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрсний 10 жил зэрэг олон түүхэн ой тохиож байна. Монгол ардын зүйр үгэнд “Саахалт айлын санаа нэг”, “Сайн хөрш садан төрлөөс илүү” гэх үг бий. Мөнхийн хөрш БНХАУ-тай зуун зуун жилээр түүчээлэн бүхий л түвшинд найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэнд талархаж байна. Улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцаа хамгийн чухал юм.
Тиймээс хоёр улсын бизнес эрхлэгчид, иргэдийн харилцан зорчих асуудлыг чирэгдэл багатай, технологийн дэвшлийг ашиглан шийдэх боломжийг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй юм гэлээ. Тэрбээр, сүүлийн үед тухайн улсад богино хугацаагаар зорчих зөвшөөрлийг чирэгдэлгүй олгох асуудлыг хуульчилснаар хил орчмын жуулчдын тоо эрс нэмэгдэж байгааг онцлоод, тухайн орныхоо төмөр замын царигт тохируулан зорчих боломжийг олгох талаарх УИХ-ын тогтоолын төслийг дахин өргөн барих гэж буйгаа дуулгасан. Түүнээс гадна хилийн зарим боомтыг байнгын ажиллагаатай болгох, өргөжүүлэх зэрэгт хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлээд, тухайлбал, Байтагийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, Нарансэвстэй-Мазуншант боомтыг нээх ажиллуулахад анхаарал тавьж ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн.
Элчин сайд Шэнь Миньжюан, манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж байна. БНХАУ-ын дэд дарга Хань Жөний Монгол Улсад хийсэн айлчлал хоёр улсын харилцааны түүхэнд тэмдэглэгдэх ач холбогдолтой болсныг онцлоод, Монгол Улсын төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай хийсэн уулзалтуудын ач холбогдлыг тодотгосон. Мөн тэрбээр, хамтарсан Засгийн газар, өргөжсөн УИХ-ын үйл ажиллагааны оновчтой бодлого, шийдвэр хөрш орнуудын харилцаанд ахиц дэвшил авчирна гэдэгт итгэж байна хэмээгээд, манай улс аялал, жуучлалыг хөгжүүлэх талаар нээлттэй бодлого баримталж ирсэн. Нэн ялангуяа Монгол Улсын иргэдийг зорчиход цахим виз олгож эхэлсэн. Хоёр улсын эдийн засаг, худалдаа эрчимтэй хөгжиж буй нь бидний харилцаа ямар түвшинд буйг илтгэж байна гэлээ.
Хатагтай Шэнь Миньжюан, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Боомтын сэргэлт” бодлогыг дэмжиж, хоёр улсын өндөр түвшинд яриа хэлэлцээрийг үе шаттайгаар үргэлжлүүлэх ёстой хэмээн үзэж байна. Тухайлбал, таны онцолж буй Нарансэвстэй-Мазуншант боомтыг нээхэд байгаль орчны үнэлгээ зайлшгүй шаардлагатай учраас энэ асуудлаар шийдвэр гарахыг хүлээж байгаа. Хоёр улсын түвшинд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр гээд олон ажил бидний өмнө байна. Эдгээр төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Элчин сайд миний бие анхаарал тавьж ажиллах болно гэлээ. Мөн цаашид хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал хэмээн Элчин сайд онцолсон юм