Ж.Баярмаа: Зардлаа нэмж, төсөв тэлэх тусам инфляц өсч, улмаар Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулахаас өөр аргагүй байдал руу орно
УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хамтарсан Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөриййг Их хуралд танилцууллаа. УИХ-ын гишүүний хувьд энэ хөтөлбөрийг ямар байдлаар хүлээн авч танилцав?
-Энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр нь хамтарсан Засгийн газрын хөтөлбөр гэдгээрээ онцлог байгаа. Миний хувьд энэ хөтөлбөрөөс нэг л зүйлийг хүлээсэн. Юу гэхээр дангаараа засаглаж байхдаа хийж чаддаггүй байсан томоохон төсөл, хөтөлбөрүүд хамтарсан засгийн үйл ажиллагааны хөтөлбөрт орсон болов уу гэж бодсон. Эдийн засаг талаасаа буюу мега төслүүдийн хувьд мэдээж мөнгөнөөс хамааралтай гэдэг нь ойлгомжтой. Энэ утгаараа орлогоо олж чадаж л байвал эдгээр төслүүдээ хөдөлгөх, эхлүүлэх нь зөв. Гэхдээ 120 их наядын мега төслүүдийг хэрэгжүүлж чадна гэдэгт эргэлзэж байна. Учир нь энэ хэмжээний хөрөнгө Монгол Улсын төсөвт орж ирэх үү, үгүй юу гэдэг нь тодорхой бус. Нэмээд олон эрсдэл байгаа. Тэр бүгдийг тооцоогүй оруулж ирсэн нь харагдсан. Нэгээ талаар мега төслүүд хэрэгжих эсэх нь дан ганц Засгийн газрын менежментийн асуудал биш. Дэлхийн зах зээл дээрх Монгол Улсын борлуулдаг түүхий эдийн ханшаас ихээхэн хамааралтай гэсэн үг. Учир нь манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай. Энэ салбарт 120 их наядын орлого бүрдэж чадахгүй л бол хамтарсан засаг байна уу, ямар ч засаг тэр мега төслүүдийг хэрэгжүүлж чадахгүй.
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс таны хүлээж байсан өөр онцлох зүйл юу байв?
-Миний хамгийн их хүлээж байсан зүйл бол нийгмийн шинжтэй суурь реформуудыг хийх байх гэж бодсон. УИХ-д ямар хүмүүс сонгогдох ёстой юм, улс төрийн нам нь ямар байх ёстой юм.
Сахилга, хариуцлага нь юу байх шаардлагатай вэ. Улс төрийн нам нь яаж бодлогын нам болж хөгжих ёстой юм, тийм үү. Нөгөөтэйгүүр саяны Сонгуулийн тухай хууль зөв байв уу. Холимог тогтолцоо нь ямар байв. Бидний гаргасан алдаа юу байв. Тэр бүхнийг засаж болох боломж байсан уу. Цаашид засах ёстой юу гэх мэт суурь реформуудын шинжтэй асуудлууд хамтарсан Засгийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй байна гэж харсан. Улс төр дахь мөнгөний зохистой нөлөө буюу тэнцвэртэй байдал алдагдсан. Өөрөөр хэлбэл, улс төр дахь мөнгөний нөлөөлөл асар их болсон гэсэн үг. Үүнийг засах гол арга зам нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах байсан. Сонгогчдын саналыг худалдаж авдаг бохир ажиллагааг хуулиар хатуу зогсоох шаардлагатай. Бүр тодорхой хэлбэл, зөвхөн сонгуулийн жил худалдан авах ажиллагааг хориглодог бус сонгуулийн бус үеэр ч хориглох ёстой. Тэгэхээр иймэрхүү өөрчлөлтүүдийг хийе гэсэн зорилтууд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт огт орсонгүй.
-Ерөнхий сайдын хувьд С.Зориг агсны хэлсэн үгийг энэ Засгийн газрынхаа үндсэн үзэл баримтлаа болгох шиг боллоо. Ер нь төрийн албан хаагчийн эрх ашгийн эрэмбэ гэж тусгайлан байх ёстой ойлголт уу?
-Ер нь Ерөнхий сайдын хэлсэн үг агуулгын хувьд зөв. Төрийн албанд эрх ашгийн эрэмбэ гэдэг зүйл алдагдсан байгааг Ерөнхий сайд өөрөө хүлээн зөвшөөрсөн нь чухал. Тэр дундаа сүүлийн найман жилийн хугацаанд энэ эрх ашгийн эрэмбэ асар ихээр алдагдаж, гажуудсан. Үүнийгээ Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч байгаа нь сайн. Энэ утгаараа алдагдсан эрх ашгийн эрэмбийг засах гэж оролдож байгаа юм болов уу гэж би хувьдаа ойлгож байгаа. Гэвч үүнийг Засгийн газрын хөтөлбөрт тусгайлан томъёолж оруулж байгаа нь философи талаасаа ч тэр, ёс зүйн талаасаа ч тэр зохимжгүй байсан. Учир нь төрийн албан хаагчид тангараг өргөдөг. Улстөрчид буюу УИХ, Засгийн газрын гишүүд ч тангараг өргөдөг. Энэ тангарагт “Ард түмний элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхолыг эрхэмлэнэ” гэдэг. Ингээд тангараг өргөчихсөн учраас заавал улсын эрх ашиг нэгд. Дараа нь намын, сүүлд нь хувийн эрх ашиг байна гэдэг байдлаар дугаарлаж болохгүй. Намын эрх ашиг гэдэг бол угаасаа улс орны хөгжлийн төлөөх бодлого байдаг. Нөгөөтэйгүүр заавал ингэж хөтөлбөртөө тусгаж байгаа нь нэгдүгээрт, улсын эрх ашгаа, дараа нь нөгөө хоёроо бодоорой гэдэг агуулгыг хэлээд байгаа юм. Заавал намын болон хувийн эрх ашгаа бодох ёстой гэж хэлээд байна. Өөрөөр хэлбэл, арван ажил хийе гэж бодъё. Үүний долоог нь улсынхаа төлөө хийлээ. Үлдсэн гурвынх нь хоёрыг намынхаа төлөө, харин нэгийг нь өөрийнхөө төлөө хийх ёстой юм шиг ойлгогдоод байгаа юм. Тэгэхээр энэ бол зарчмын хувьд огт байж болохгүй томъёолол.
-С.Зориг агсны хэлсэн үг бол цэвэр онолын үг гэдгийг хэн ч мэдэж байгаа. Нөгөөтэйгүүр онол практик хоорондоо ялгаатай. Таны хувьд энэ эрэмбэ ямар байх ёстой гэж бодож байна вэ?
-Би түрүүн хэллээ. Улстөрчдийн хувьд Ерөнхий сайдын эрэмбээр явах ёстой. Тийм ч байх шаардлагатай. Харин энэ эрэмбэ жирийн иргэдэд буюу ард түмэнд үйлчилж болохгүй. Иргэний хувьд хамгийн нэн тэргүүний эрх ашиг нь хувийн эрх ашиг байх ёстой гэсэн үг. Тэр хүн өөрийгөө бодох ёстой. Өөрийнхөө төлөө амьдрах ёстой. Том зургаараа харвал иргэн бүр өөрийнхөө амьдралын төлөө яваад эхэлбэл аяндаа нийгэм маань зөв болоод, улмаар хөгжинө. Иргэн хүн хувиа хичээгээд өөрийнхөө төлөө ажиллаад ирэхээр тэнд баялаг бий болно гэсэн үг. Хувь хүн бүр баялаг бүтээгээд эхлэхээр өрсөлдөөн бий болно. Өрсөлдөөн бий болохоор нийгэм зөв системээрээ хөгжинө. Тэгэхээр улстөрчдийн хувьд улс орон, нийтийн эрх ашгийг бодож ажиллах ёстой бол, иргэний хувьд ерөөсөө өөрийгөө буюу хувиа хичээх нь л чухал.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ долоо хоногтоо батлах товтой байгаа. Ер нь ийм богино хугацаанд Төсвийн хуулийг өөрчилдөг асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Тантай санал нэг байна. Төсвийн тодотголыг ганцхан долоо хоногийн хуралдаанаар хэлэлцээд л баталчих нь буруу. Төсөв гэдэг бол маш чухал асуудал. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн юунд зарцуулах вэ гэдэг ийм хөнгөн, хуймгай хандаж огт болохгүй. Үүнээс улбаалаад миний хувьд яаралтай горимоор хэлэлцэж огт болохгүй хуулийн төслийн жагсаалт гэж гаргамаар санагдсан. Яаралтай горимоор хэлэлцэгдсэн хууль болгон бушуу туулай борвиндоо баастай гэдэг үлгэр шиг байнга алдаа, хийдэл олон гардаг. Ер нь парламентад яаралтай горимоор хууль баталдаг буруу жишиг өмнөх парламентаар тогтчихлоо гэж харж байгаа. Сонгуулийн өмнө нэг өдөр 200 хууль баталсан. Ийм маягаар хууль тогтоох үйл ажиллагааг хялбаршуулж огт болохгүй. Хууль гэдэг бол нийгмийн харилцааг зохицуулж байгаа гол зүйл.
-Хамтарсан Засгийн газар зардлаа гурван их наядаар нэмэгдүүллээ гэж шүүмжлүүлж байна. Таны хувьд АН-аас сонгогдсон гишүүн. Та бүхэн Засагт орж дотроос нь хяналт тавина гэсэн. Хяналт тавьж байгаа бол зардлыг нь багасгах ёстой болохоос биш улам өсгөж байгаа шалтгааныг та юу гэж харж байна?
-Мэдээж зардлаа энэ хэмжээнд нэмэгдүүлж байгааг миний хувьд огт дэмжихгүй. Төсвийн тэнцэл мөн энэ хэмжээний ашигтай гарсан гэж байгаа. Өмнөх төсөв 1.6 их наядын алдагдалтай батлагдаж байсан. Ер нь энгийнээр айлын жишээгээр л бодъё. Айлд ашиг ороод ирвэл өмнөх өр, зээлээ тэглээд үлдсэн мөнгөөрөө яах, ийхээ шийддэг. Үүнтэй яг адилхан. Улс ашгаараа өмнөх алдагдлаа нөхөх хэрэгтэй. Алдагдлаа нөхөөд үлдэж байгаа мөнгөөрөө өөр зүйлд хөрөнгө оруулалт хийгээд явж болно. Гэтэл өмнөх алдагдал буюу өр, зээлээ тэглээгүй байж олсон хэдэн төгрөгөө шинэ зардлуудад зориулах гэж байгаа нь том алдаа. Зардлаа нэмэх тусам төсөв тэлнэ гэсэн үг. Төсөв тэлэхээр яах уу, мэдээж инфляц нэмэгдэнэ. Инфляц нэмэгдээд ирвэл Монголбанк төсвийг хумихын тулд бодлогын хүүгээ нэмдэг. Мөнгөний хатуу бодлого барина гэсэн үг. Бодлогын хүү нэмэгдэхээр арилжааны банкууд зээл гаргахаа болино. Зээл гаргахгүй болохоор аж ахуйн нэгжүүд бүсээ чангалж орон тооны цомхотгол хийж эхэлнэ. Үүнээс шалтгаалж нийгэмд ажилгүйдлийн түвшин нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, эцсийн дүндээ эрсдэлийг ард түмэн болон хувийн хэвшил л үүрч таарна. Гэтэл хамтарсан Засагт орсон намуудын мөрийн хөтөлбөрт улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшлээ дэмжих бодлого явуулж байж хэрэгжүүлж чадна гэсэн агуулгатай заалтууд олон бий.
-Үнэндээ хувийн хэвшлээ шахах тал руугаа бодлого нь чиглээд байна гэсэн үг үү?
-Яг тийм. Ам ажил нь зөрнө гэдэг шиг наанаа хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний төлөө бодлогоо чиглүүлнэ гэдэг ч өнөөдөр гаргаж байгаа шийдвэр болгон нь хувийн хэвшлээ шахах чиглэлтэй байгаа нь харамсалтай. Тэгэхээр Засгийн газраас оруулж ирж байгаа Төсвийн тодотголыг дэмжих боломжгүй байгаа юм. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор л төсвийн тодотгол хийх байх гэж ойлгосон. Гэвч хаа хамаагүй олон асуудлыг энэхүү тодотголоор оруулах гэж үзэж байна. Ийм байж болохгүй ээ. Тэвчиж болох зардал гэж байна. Үр ашиг, ач холбогдлын эрэмбэ гэж жинхэнэ утгаараа төсөвт байх ёстой. Фэйсбүүкээр мэдээллээ авчихдаг болсон энэ үед гурван тэрбумаар мэдээллийн төв барихын оронд бүх сумаа халуун усны газартай, сургууль, дотуур байраа боловсон ариун цэврийн газартай болгомоор байна. Бүхэл бүтэн сумаараа халуун усны газаргүй, хүүхдүүд нь модон жорлонд бие засна гэдэг бол дэндүү эмгэнэл. Монголд бол мөнгө орж ирж байна.Харамсалтай нь хуваарилалт нь дэндүү амиа бодсон, үр ашиггүй, эрэмбэ нь буруу, товчхондоо шог байна. Нөгөө бүсчилсэн концепциосоо ч зөрж байна. Тэгэхээр тодотгол бол шинэ засаг гэдгээр далимдуулж баахан бүтээн байгуулалт эхлүүлэх нэрээр тууз хайчилж мэдэх нь. Гурван их наядаар нэмэгдэж байна гэдэг өнгөрсөн сонгуулиар хамаг төсвөө барчихаад тодотголоор түүнийгээ нөхөхийн сацуу ирэх орон нутгийн сонгуульд зориулагджээ гэж хардахаар байгаа юм.
-Төсвийн тодотголын хажуугаар орж ирэх ямар хуулийн төсөл байна вэ. Иймэрхүү үеийг ашиглаж хуулийн хулгай явагдах нь цөөнгүй шүү дээ?
-Мэдээж хажуугаар нь орж ирж байгаа олон хууль байна. Нөгөө бүсчилсэн хөгжлийн бодлогынхоо эсрэг чигтэй хуулиуд олон орж ирсэн. Тухайлбал, Тендерийн тухай хуулийн өөрчлөлт орж ирсэн. Монгол Улсын гол бодлого бол хувийн хэвшлээ дэмжье гэдэг рүү чиглэх ёстой гээд байгаа. Энэ олон төрийн өмчит компаниудын менежментийг нь өөрчилье, хувьчилъя гэдэг. Гэтэл энэ хуулиар төрийн өмчит компаниуд дээр гардаг хулгай, луйвар, авлигыг улам цэцэглүүлье гэсэн шиг агуулгууд орж ирсэн. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн компаниуд зарлагдсан тендерт хоёр удаа оролцохгүй, санал өгөхгүй тохиолдолд тэрхүү ажлыг төрийн өмчит компаниар хийлгэнэ гэдэг заалт орж ирж байна. Тэгэхээр иймэрхүү хувийн хэвшлээ шахсан, ерөнхий хөгжлийн бодлогынхоо эсрэг хуулийн өөрчлөлтүүд орж ирж байгааг дэмжихгүй.
-Хүний эрхийн асуудлаар та бүхэн сонсгол хийнэ гэж байсан. Тэр асуудал төсөвт дарагдаад хойшлогдов уу, юу болсон бэ?
-Хүний эрхийн асуудлаар сонсгол хийхийг Хууль зүйн байнгын хороо авч хэлэлцээд товыг нь есдүгээр сарын 10-нд гэж тогтоосон. Хэдийгээр би санаачилж байгаа ч гэсэн хуулиараа энэ ажлыг Хууль зүйн байнгын хороо хийдэг. Нэг харамсалтай зүйл нь миний хувьд энэ байнгын хороонд байдаггүй. Тэгэхээр энэ сонсголыг УИХ-ын гишүүн П.Сайнзоригоор ахлуулан явуулахаар болсон байна лээ.
Э.Мөнхтүвшин