Г.Тэмүүлэн: Бодлогын алдаатай шийдвэрийн төлөөсийг иргэд төлнө
УИХ-ын гишүүн, АББХ-ны дарга Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-УИХ-ын 126 гишүүнтэй парламент ээлжит бусаар хуралдаж Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол оруулах болоод дагаж оруулж ирсэн хуулиудыг хэлэлцэж байна. Төсвийн тогтвортой байдалтай холбоотой хуулийн хулгай хийхийг оролдож байна гэж та мэдэгдсэн. Төсвийн тогтвортой байдлын хуульдаа жил бүр өөрчлөлт оруулж гар хүрсээр ирсэн. Уламжлал болчихсон шахуу зүйлийг эсэргүүцээд байгаа шалтгаан чинь юу юм бэ?
-Эдийн засаг нь дан ганц уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсыг эдийн засгийн савалгаа, төсвийн эрсдэл, хүндэрлээс хамгаалах зохицуулалт хийсэн онцгой ач холбогдолтой хууль бол 2010 онд батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль юм. Уг хуулийн тусгай шаардлагууд одоогоос арван жилийн өмнө буюу 2014 оноос хэрэгжиж эхэлсэн байдаг. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 4 тусгай шаардлагад Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар буюу уул уурхайн үнийн хэлбэлзлээс хамгаалах, төсвийн алдагдлын хэмжээг ДНБ-ийн хоёр хувиас хэтрүүлэхгүй байх, төсвийн нийт зардлын өсөлтийг уул уурхайн бус ДНБ-ийн өсөлтийн хувиас хэтрүүлэхгүй байх, Засгийн газрын өрийг ДНБ-ийн 60 хувиас хэтрүүлэхгүй барих шалгуурыг тодотгож өгсөн. Энэ 4 шалгуур бол уг хуулийн амин сүнс нь юм. Энэ 4 шаардлагын хязгаарлалтадаа хариуцлагатай хандвал Монгол Улсын төсөв санхүүг эрүүл байлгах боломж бололцоо бүрдэнэ.
Харамсалтай нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсвийн алдагдлын 2 хувь болон ЗГ-ын өрийн 60 хувь гэсэн зохицуулалтууд огт хэрэгжээгүй. Магадгүй 2015 онд Засгийн газрын өрийн хэмжээ 60 хувьд хүрч байсан байх. Түүнээс хойш нэр төдий хууль байж ирсэн. Тэгсэн мөртлөө Төсвийн тогтвортой байдлын хуулийн хүрээнд төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийг зааж өгч Монгол Улсын төсөв, санхүүгийн бодлогын баримт бичгүүдээ боловсруулж гаргадаг. Өөрөөр хэлбэл, улсынхаа дунд хугацааны бодлогыг ч, төсвийн хүрээний мэдэгдлийг ч нэг жилийн төсөвтэйгээ нийцүүлж өөрчилдөг буруу гаж, зуршилтай болчихоод байна. УИХ-д төсөв оруулж ирнэ, төсвийн тодотгол оруулж ирнэ, түүнийг дагаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг жилдээ 1-3 удаа өргөн барьж үйлчлэлийг нь хязгаарлаж, цаг хугацаа, хэмжээг нь хориглох зохицуулалтуудыг хийж байна.
Уг чанартаа бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлж төсвөө боловсруулж оруулж ирэх ёстой Сангийн яамнаас төсвийн тусгай шаардлагын хязгаарыг жилийнхээ төсөвт тааруулж, өөрчилж оруулж ирсэн нь хуулийн маш том зөрчил үүсгэж байгаа юм. Гэтэл одоо Төсвийн тогтвортой байдлын амин сүнс болсон дээрх хоёр заалтаас гадна нэр томьёогоор нь тоглож, бодох аргачлалыг нь өөрчлөх гэж байгаа учраас эсэргүүцээд байгаа юм.
– Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэдхэн сарын өмнө баталж, Монгол Улсын төсөв, санхүүгийн аюулгүй байдал хуулиар хамгаалагдсан гэж ойлгосон. Гэтэл дахин суурь асуудлуудаа өөрчлөх тухай ярьж байгаа шалтгааныг юу гэж харж байна?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хамт өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулсан гишүүдээс энэ удаагийн парламентад байгаа учраас уг хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг дээр байр суурь нэгтэй байгаа. Улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах учиртай тогтвортой байдлын тухай хуулиа өөрчилж, заавал мөрдөх ёстой суурь зарчимуудаа яагаад эвдэх гээд байгааг ойлгохгүй байна. Дээр хэлсэнчлэн өнөөдрийг хүртэл дагаж, мөрдөж ирээгүй тус хуулийн 10 жилийн алдааг засахын тулд зүйл заалтуудыг нь чангаруулж оруулж ирсэн. Гэтэл уг хуулийг хэрэгжиж эхлэхээс нь өмнө нэмэлт, өөрчлөлт оруулж хуулийн амин сүнсийг үгүй хийх гэж байна.
– Харин ч өрийн таазгүй болгосон алдааг засч сайжруулах гэж байгаа гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн шүү дээ?
-Энэ бол ор үндэслэлгүй зүйл. Өөрсдийнхөө хийх гэж байгаа хуулийн хулгайг хаацайлахын тулд хулгайч “Хулгайчийг бариарай” гэж орилж байгаатай ижил зүйл болсон. Тусгай шаардлагыг алга болгочихсон зүйл ерөөсөө байхгүй. Миний хувьд байнга өөрчлөгддөг хоёр гол тусгай шаардлага зайлшгүй байх ёстой заалт гэж үзэж байгаа бөгөөд заавал хэрэгжүүлэхээр хуульчилсан асуудлыг өнөөдөр мушгин гуйвуулж байна. Харин ч өнгөрсөн 10 жилийн турш хэрэгжүүлж ирээгүй төсвийн тусгай шаардлагыг хамгийн цаад тал нь 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд үе шаттай хэрэгжүүлж болно гэж хугацаа зааж өгсөн өөрчлөлтийг 2023 онд оруулсан.
-Таньтай жилийн өмнө ярилцаж байхад Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдчихвал хэн нэгэн өөрийн дураар өрийн таазыг нэмж хуульд өөрчлөлт оруулдаг, төсвийн тогтвортой байдалд халддаг, алдагдалтай төсөв баталдаг явдал үгүй болно гэдгийг хэлж байсан. Хууль нь батлагдсан хэдий ч өөрчлөлт оруулах эрсдэл одоо ч байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг 2025 оноос хатуу хэрэгжүүлэхээр заасан бөгөөд энэ хугацааг цаашид сунгахыг хуулиар хориглосон. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлыг ДНБ-ний хоёр хувь, Засгийн газрын өрийг ДНБ-ний 60 хувьд байх тусгай шаардлагыг 2025 оноос заавал мөрдөхөөр хуульчилсан. Мөн 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах боломжийг хязгаарласан.
Өөрөөр хэлбэл, нийт гишүүд УИХ-ын нэгдсэн хуралдаанд хуралдах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг өөрчлөх, хэрэгжих нөхцөл шаардлага, хугацаанд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх чуулганы хуралдааныг хүчинтэй тооцохоор хуульчилсан. УИХ-ын 126 гишүүнээс нэг нь л хугацааг өөрчлөх асуудлыг дэмжихгүй, хуралд оролцохгүй тохиолдолд хүчингүйд тооцогдоно.
Улсын төсөв, санхүүгийн бодлогод төсвийн тогтвортой байдлыг Үндсэн хууль мэт мөрдүүлэхийн тулд арга ядахдаа давхар давхар хаалт хамгаалалт хуульд тусгаж өгсөн. Гэтэл уг хуулийн зүйл заалт хэрэгжиж эхлэхээс өмнө Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд байгаа дөрвөн тусгай шаардлагын гурвыг нь өөрчлөх асуудлыг ярьж байна. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэлийн алдагдал 2 хувь байхаар заасныг суурь тэнцэлийн ашиг 2 хувь гэж өөрчлөх, 6.1.3-т зардлын өсөлтийн хувь нь эрдэс баялгийн бус ДНБ-ний үнийн өсөлтийн хувь эсвэл сүүлийн 12 жилийн зардлын өсөлтийн аль өндрөөр авна гэснийг суурь тэнцлийн зардлын хэмжээ нь ДНБ-ний 30 хувиас хэтрэхгүй гэж, 6.1.4-т Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ний 60 хувьд өнөөгийн үнэ цэнээр тооцогдохоор туссаныг нэрлэсэн үнийн төсөв болгож өөрчлөх гэж байна.
Угтаа хамгийн сүүлд хийсэн эерэг өөрчлөлтүүдийн хамт 2025 оноос түгжигдэх ёстой байсан Төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулвал дордуулсан заалтуудынхаа хамт түгжигдэх эрсдэлтэй байна. Энэ бол хамгийн аюултай зүйл. Сүүлдээ УИХ-ын 126 гишүүн хуралдаандаа сууж, өөрчлөлт оруулахаар хатуу хуульчилсандаа харамсаж байна. Улсынхаа төсвийг улайлгачихгүйн тулд, төсвийн төлөвлөлтөд ул суурьтай хандахыг Засгийн газрын сайд нарт зориулж өөрчилсөн. Гэтэл одоо төсвийн тогтвортой байдлыг дордуулах оролдлогуудыг УИХ баталчихвал эдгээр заалтуудыг сайжруулах боломжид саад тээг болохоор байна.
-Төсвийн тогтвортой байдал гэдэг бол батлагдсан төсвийн мөнгийг хэрхэн юунд, зарцуулах тухай ярихаас ч өмнөх буюу суурь зарчмын асуудал. Гэтэл яагаад заавал суурь хуульдаа өөрчлөлт оруулах асуудлыг хууль дагуулж орж ирсэн гэж харж байна?
-Макро эдийн засгийн үзүүлэлтүүд хүндрэх төлөвтэй байгаа үед төсөв, санхүүтэй холбоотой хуульд оруулж байгаа өөрчлөлтүүд нь төсөв, санхүүгийн аюулгүй байдлын хувьд асар их хор хөнөөлтэй. Тийм учраас өнгөрсөн хугацаанд төсвийн реформыг эхлүүлэх ажлыг гардаж байсан хүний хувьд, өнгөрсөн 10 гаруй жилийн хугацааны алдаа дутагдалд цэг тавихыг хичээж ажилласан хүний хувьд, энэ асуудалд хайхрамжгүй хандаж болохгүй гэдгийг хэлээд байгаа юм.
Ялангуяа шинэ парламент бүрдээд сар гаруй хугацаа л өнгөрч, гишүүд өрөө тасалагаатайгаа бүрэн ч танилцаж амжаагүй байгаа энэ үед төсвийн тодотгол нэрийн хүрээнд томоохон бодлогын баримт бичиг, суурь өөрчлөлтүүд болоод зөрчилтэй хуулийн төслүүдийг оруулж ирж байгааг хуулийн хулгай хийх гэж байна гэж харахаас өөр арга алга. Тодруулбал, тус хуульд Төсвийн суурь зарлага, суурь тэнцэл хэмээх шинэ тодорхойлолтыг оруулж, улмаар төсөвт бонд болон гадаад зээлүүдийг оруулж тооцохгүй, төсвийн гадна гаргах зохицуулалтыг тусгасан байна. Энэ нь Монгол Улс хоёр төсөвтэйгөөс ялгаагүй болох, гадаад өр, зээлийг төсөв дийлэхгүй болтол хязгаарлалт нь тулгах, хяналт тавих боломжгүй болгож байна.
Тухайлбал, төсвийн зардал ирэх гурван жилд хамгийн доод талдаа 11.6 их наядаар нэмэгдэж, тэр хэмжээгээр Засгийн газрын өрийн хэмжээ тэлэн, улмаар гадаад өр, зээлийн бондын эргэн төлөлтийн дарамт улсын төсөвт эрсдэл учруулахаар байна. Төсвийн ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, иргэдийн оролцоог бий болгох үүднээс 2023 онд УИХ-аар батлуулсан зохицуулалтуудыг сууриар нь өөрчилж төсвийн ил тод байдал, иргэдийн төсвийн төсөлтэй танилцах, мэдээлжих эрхүүдийг хязгаарлана.
Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн төслийг Засгийн газар жил бүрийн есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барих байсныг өөрчлөн, улмаар аравдугаар сар хүртэлх хугацаанд олон нийт болон УИХ ирэх оныхоо төсөвтэй бүрэн танилцах цаг хугацаатай байсныг өөрчилж, татвар төлөгчдийн төсөвтэй танилцах эрхийг хааж, хугацаагаар шахах зохицуулалтуудыг хийсэн байна.
Үүний сөрөг үр дагавар нь
Монгол Улсын нэгдсэн төсөв, нэгдсэн төсвийн алдагдал гэх ойлголт байхгүй болно.
Засгийн газрын өрийн хэмжээ болон эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэнэ.
Төсвийн хэт тэлэлт бий болж, өрийн дарамт үүсэх бөгөөд улмаар төлбөрийн тэнцлийн хүндрэл бий болж, төгрөгийн ханшийн сулралт, инфляци нэмэгдэх эрсдлүүд үүснэ.
Түүнчлэн урт, дунд хугацаанд дефолт буюу улс дампуурах эрсдэл үүснэ. Энэ бол ганцхан миний хийсэн дүгнэлт биш, эрдэмтэн, судлаачдын гаргасан дүгнэлт.
-Өрийн асуудлыг өрх гэрийн түвшинд ч улс орны хэмжээнд ч тусад нь авч үзэж, ялгамжтай ханддаг туршлага дэлхийд бий юү?
-Өрийн хэмжээгээ нууж хаагаад, хоёр хувааж төөрөгдөлд оруулаад байх ямар ч шаардлагагүй. Харин ч ил тод байх ёстой. Улс орон нийт зардлын хэмжээнээсээ гадаад зээл, үнэт цаасаа хасч боддог ийм туршлага дэлхийд байхгүй. Тийм учраас Өрийн удирдлагын тухай хуульд ямар нэгэн байдлаар шинэ зээл, бонд, гадаад хөрөнгө оруулалт санхүүжилт авахад улсын төсөв, өрийн удирдлагад эрсдэл учруулвал энэ асуудлыг тухай бүрд нь олон нийтэд мэдээлэхээр тусгасан. Монгол Улсын өрийн хэмжээ хэд байна, ачаалал ямар байна, төсвийн эргэн төлөлтүүдийн хуваарьт хэрхэн нөлөөлөх талаар тайлагнахыг хуульчилсан. Гэтэл сая оруулж ирсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын өр зээлийг гурван жилийн хугацаанд хамгийн багадаа 32 их наядаар нэмэгдүүлэх нь төсөв санхүүгийн орчинд хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Цаашлаад татвар төлөгчид өөрсдийн төлсөн татвар нь юунд зарцуулагдаж байгаа талаар танилцаж, мэдээлэлтэй байх ёстой.
Энэ эрхийг нь хүртэл хязгаарлах санаархал явж байна. Татвар гэдэг Сангийн яамны, Сангийн сайдын мөнгө биш. Харин ч Монгол Улсын нийт 3.4 сая иргэний өмнө хариуцлага хүлээж, төсвийг зөв захиран зарцуулах ёстой хүн үүнд хариуцлагатай хандах ёстой. Төсвийг хэрхэн яаж үр ашигтай зарцуулсан талаараа олон нийтэд мэдээллэх ёстой. Ардчиллын замаар 30 гаруй жил замнаж байгаа Монгол Улс ийм замаар явж болохгүй.
Эрх ашгийн эрэмбэгүйгээр нэг жил, нэг дор, арван их наядаас дээш төгрөгөөр төсөв тэлэх нь өрийн дарамт бий болгож, төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөө үзүүлнэ. Цаашлаад валютын нөөц багасах, ханш суларч, инфляцийн түвшин нэмэгдэнэ. Эцэст нь энэ бүх бодлогын алдааны төлөөсийг иргэд халааснаасаа төлнө. Гадаад нөхцөл байдал хаашаа эргэхийг хэн ч хэлж чадахгүй эрсдэлтэй байна. Ийм цаг үед эрсдэлд суурилсан төсөв, санхүүгийн сахилга баттай төсөв, санхүүгийн бодлого баримтлах нь чухал. Энэ бол нэг жилийн төсөв баталж байгаа асуудал биш
. Цаашлаад Монгол Улсын ирээдүйн зургийг зурж байна. Хэрэв өнөөдөр буруу зураг зурвал ирэх 10 жил эдийн засгийн бодит эрсдлийг хамт туулах болно. Энд хэн нэгэн хүний эрх ашиг, намын эрх ашиг, УИХ-ын эрх ашгаас илүү нийтийн нийтлэг, том эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Энэ бол зарчим. Зарчим, үнэт зүйл дээрээ бат зогсож чаддаггүй зарим нэг сайд нар энэнд дүгнэлт хийх цаг болсон. Сайд болохоосоо өмнө төсвийн сахилга бат, нээлттэй ил тод байдал, гадаад өр зээлийн хязгаар дээр хатуу байр суурь илэрхийлж байсан, зарим нь энэ шинэчлэлийг хийхийн тулд хамтдаа зогсож байсан, УИХ-ын гишүүн болохоосоо өмнө төсвийн реформ хийхийг шахаж, шаардаж байсан хүмүүс өнөөдөр хэлгүй, дүлий мэт байгаад харамсаж байна. Сайдын суудалдаа шигдэж, ажил албан тушаалдаа бялуурч болохгүй л дээ.