Эдийн засгаа шинжлэх ухаанжуулж, шинжлэх ухаанаа эдийн засагжуулсан улс орон хөгждөг
1961 оны 5 дугаар сарын 16-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдээс тогтоол гарган шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнг шинжлэх ухааны академи болгон өөрчлөн байгуулсан түүхттэй. Энэ түүхт өдрөөр шинжлэх ухааны ажилтнууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёрдугаар их хурлаа зохион байгуулж байна.
2023 оны байдлаар Монгол Улсад судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэж байгаа төр, хувийн хэвшлийн 42 эрдэм шинжилгээний байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын 21 их сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Энд нийт 6965 ажилтан ажиллаж байгаагийн 5266 нь судлаач, нийт судлаачдын 1736 буюу 25.1 хувь нь эрдэм шинжилгээний ажилтан байгаа нь оюуны чамлахааргүй нөөцтэйг илтгэж байна. Өнөөдөр дэлхий дахинаа шинжлэх ухааны салбарт парадигмийн шилжилт явагдаж эхэллээ. Судалгааны ажлын
- Хамрах хүрээ нь хэсэгчилсэн салангид мэдлэгээс нэгдсэн нийлмэл мэдлэгийн систем рүү
- Судалгааны арга барил нь нэг салбарын судалгаанаас салбар дундын болон салбар дамнасан судалгаа руу,
- Статистик мэдээлэл боловсруулалтаас их өгөгдөл, хиймэл оюун руу
- Судалгааны агуулга нь статик тэнцвэрт нөхцөлөөс динамик бүтэц рүү шилжиж байна.
Засгийн газраас боловсруулж өргөн барьсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Шинжлэх ухааны ажилтны их хурал зохион байгуулагдаж буй энэ түүхэн өдөр УИХ-аар ёсчлон баталлаа. Эрх зүйн орчныг сайжруулснаар:
- Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх
- Цалин, оюуны үнэлэмжийг дээшлүүлэх
- Санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл хийх
- Эрдэм шинжилгээний ажлын уялдааг хангах, практик үр дүнг сайжруулах
- Гарааны компани, инновацыг хөгжүүлэх
- Цахим, нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэх
- Хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэж байгаа юм. Одоо бид хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд нягт хамтран ажиллах шаардлагатай.
Өнгөрсөн 100 жилд бидний бий болгосон үнэт зүйл бол үндэсний шинжлэх ухааны тогтолцоо байлаа. Үүнийг бий болгоход сэтгэл, мэдлэг, оюун ухаанаа зориулан ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, судлаач профессор нартаа талархал илэрхийлье. Бид цаашид дэлхийд үнэлэгдэх Монгол мэдлэгийг бий болгон, Монгол Улсыг хөгжлийн мэдлэгт суурилсан эдийн засагт шилжүүлэх шинжлэх ухаанч үйлийг хэрэгжүүлэхээр зорино.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан