Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв
2024.04.17

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 23 дахь илтгэлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Энэ удаагийн илтгэлийг Комиссоос 2023 онд гүйцэтгэсэн судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, Комисст ирсэн гомдол, мэдээлэл болон Комиссын гишүүний санаачилгаар хийсэн хяналт шалгалтын үр дүн, мөн төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын албан ёсны тайлан мэдээлэл, бусад эх сурвалжид үндэслэн

Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн зарим асуудал
Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал
Хүүхдийн эрхийн зарим асуудал
Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал
Иргэний болон байгаль орчны чиглэлээр хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт
Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх
Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны асуудал гэсэн 7 сэдвийн хүрээнд боловсруулж, холбогдох шийдвэр гаргуулахаар нийт 54 саналын хамт УИХ-д өргөн барьсан юм. Үүнд:

ИЛТГЭЛИЙН НЭГДҮГЭЭР БҮЛГИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЗАРИМ АСУУДАЛ СЭДВИЙН ХҮРЭЭНД:

Байгаль орчны салбарт мөрдөгдөж буй 30 хууль, 200 эрх зүйн акт, норм ба дүрэм, стандартын давхардал, зөрчил, хийдлийг хүний эрхийн шалгуурт нийцүүлэн арилгах;
Засгийн газраас 2017 оны 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт”-ийг цаг хугацааны мөчлөгтэй, оновчтой, хэмжигдэхүйц, биелэгдэхүйц, ач холбогдолтой шалгуураар үнэлэх;
Агаар, ус, хөрс, орчны бохирдлыг бууруулах бодлогыг урт, дунд, богино хугацааны зорилтод нийцүүлэн боловсруулах;
Агаар, орчны бохирдлын асуудлыг үндэсний хэмжээнд хариуцах бүтцийг тодорхойлох, тогтвортой, салбар хоорондын уялдаа холбоог ханган үр дүнтэй ажиллуулах;
Агаар, орчны бохирдлыг бууруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тооцоолж, хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэлж, үр ашигтай зарцуулах;
Агаар, хөрс, ус, орчны бохирдлыг бууруулахад төр, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, инновац, технологийн дэвшлийг ашиглах, хувийн хэвшлийг татварын зээлийн бодлогоор дэмжих;
Агаар, ус, хөрс, орчны бохирдлын тандалт, хяналт шинжилгээний сорьцын мэдээллийн сан бүрдүүлж, харилцан мэдээлэл солилцох горимыг тогтоох;
Дотоод орчны чанарт тавигдах суурь үзүүлэлт бүхий шаардлага, стандартыг шинэчлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, дотоод орчны чанарын лабораторийн хэмжилтийн дүгнэлтийг нийтэд нээлттэй болгох;
Хог хаягдлын менежментийг сайжруулах, хураамжийн хэмжээг шинэчлэх, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах, аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулах стандартын шаардлага хангасан төвлөрсөн байгууламжийг байгуулах;
Ариун цэврийн байгууламж (нүхэн жорлон)-ийг шинэчлэх, стандартад нийцсэн эко ариун цэврийн байгууламжаар солих арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийх;
Хөрсний бохирдолтой газрыг нөхөн сэргээх, ногоон бүс байгуулах, ургамал мод тарих зэрэг арга, технологийг хэрэглээнд нэвтрүүлэх;
Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг шинэчлэх, усны бохирдлыг бууруулах, хаягдал усыг дахин ашиглах технологийг нэвтрүүлэх, газрын доорх усны нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг үе шаттайгаар хязгаарлах, усны салбарын чадавхийг бэхжүүлэхэд улсын төсөвт төвлөрсөн хураамжийг зарцуулах;
Барилга, зам, тээвэр, гудамж, талбай, орчны стандартыг мөрдүүлэх, зөрчлийг шуурхай таслан зогсоох, хариуцлага тооцох;
Орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд тогтмол, хүртээмжтэй хүргэх Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагааг сайжруулах;

ИЛТГЭЛИЙН ХОЁРДУГААР БҮЛГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ СЭДВИЙН ХҮРЭЭНД:

Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын орчин, дотуур байрны гадаад болон дотоод орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, боловсролын байгууллагын барилга, өргөтгөлийн ажилд хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх;
Хөгжлийн бэрхшээлтэй сурагчийг дэмжих төв ажиллуулах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, багшийн туслахаар ажиллуулах, сургалтын хэрэглэгдэхүүн бий болгох, тохирох орчныг бүрдүүлэх, хичээлийн цагийг уян хатан зохицуулах, багш, багшийн туслах, ажилтанд нэмэгдэл хөлс олгох хуулиар тогтоосон арга хэрэгслийг үр дүнтэй хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах;
Сургууль завсардсан, сургуульд огт суралцаагүй хүүхдийн бүртгэлийн нэгдсэн сан үүсгэх, боловсрол олгох арга хэмжээ авах;
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцуулах мэргэжлийн чиглэлийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй нийцүүлж өөрчлөх, суралцагчдад тэтгэлэг олгох журмыг шинэчлэх;
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтад зориулсан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, лаборатори, дадлагын орчныг сайжруулах;
Хувийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, шалгуурыг нарийвчлан журамлах, хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хяналт тавих;
Хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага, стандарт, хууль эрх зүйн орчин бий болгох;
Малчин өрхийн хүүхдүүд бага боловсролыг гэртээ ойр эзэмших, суралцагч цахим, зайны зэрэг бусад хувилбарт боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх;
Сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, бодитой үр дүн гаргах
Их дээд сургуульд суралцагчдад багш, ажилтнаас аливаа зохисгүй дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэхийг хориглох, гомдол гаргах талаар сургуулийн дотоод журамд зохицуулах, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах
Боловсролын ерөнхий хууль, хоолны зардлын норматив тогтоох журмын хэрэгжилтийг хангаж, төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь хэмжээг өрхийн орлогоос хамааруулан интервалаар эцэг эх, асран хамгаалагчаас тооцож төвлөрүүлэх аргачлалыг батлах, хяналт тавьж ажиллах;

ИЛТГЭЛИЙН ГУРАВДУГААР БҮЛГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ СЭДВИЙН ХҮРЭЭНД:

Улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, айлд амьдарч байгаа хүүхдийн нөхцөл байдлын судалгаа, дүн шинжилгээг тогтмол хийж, статистик тоо, мэдээллийг дэлгэрэнгүй гаргах, нэгдсэн санг бүрдүүлж, мэдээллийг нээлттэй болгох;
Хагас болон бүтэн өнчин хүүхдийн асуудлаар тусгайлсан бодлого, хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, хүүхдийн асрамж, халамжийн төвийг төрөлжүүлэх;
Шүүхээс эцэг, эх байх эрхийг хассан, хязгаарлаж буй шийдвэрт хүүхдийн асуудлыг бүрэн хэмжээнд (хүүхдийн аюулгүй байдал, өмч хөрөнгө, эрүүл мэнд, боловсролын асуудал) шийдвэрлэж, хагас болон бүтэн өнчин болж буй хүүхдийн өмч хөрөнгийг хамгаалах (өвлөгдөх) зохицуулалтыг боловсронгуй болгох;
Бүтэн өнчин хүүхдийн тодорхойлолтод багтаж байгаа хүүхэд бүрд асрамж халамжийн төвд байгаа эсэхээс үл хамааран тэтгэвэр, тэтгэмжийг тодорхойлолтод заасан нөхцөл байдал үүссэн өдрөөс эхлэн тооцон олгох, хагас болон бүтэн өнчин хүүхдэд төрөөс олгож буй тэтгэвэр, дэмжлэг туслалцааг нэмэгдүүлж, сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээг үр дүнтэй цогц байдлаар үзүүлэх;
Асрамж халамжийн төвөөс гарч буй өнчин хүүхдийг ажлын байр, орон байртай болоход бодитой дэмжлэг үзүүлэх, боловсролын зээлийн санхүүжилтээр их, дээд сургуульд суралцаж буй хагас болон бүтэн өнчин хүүхдэд тэтгэлэг олгох;
Хүүхэд үрчлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, үрчлэгдсэн хүүхдийн нөхцөл байдалд тавих хяналтыг сайжруулж тогтмолжуулах;
Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, орон сууцын хөнгөлөлтөд болон сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулах, нийгмийн халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмжийг бодитой тооцож, хэрэгцээнд нь тулгуурлаж тогтоох;
Уналт таталтын эсрэг болон эмийн жагсаалтад багтсан эмийн нөөц, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт түгээх, даатгалд бүрэн хамруулах, гадаад улсад эмчлүүлж эх орондоо ирсэн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бичиж өгсөн эм Монгол Улсад бүртгэлгүй бол яаралтай горимоор бүртгэлжүүлж, даатгалд хамруулах;
Аймаг, дүүрэг бүрд байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд зориулсан нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, боловсрол олгох, өдөр өнжүүлэх хөгжлийн төв болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төв байгуулах, холбогдох санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, төрөлжсөн асрамж халамжийн төв байгуулагдах хүртэлх хугацаанд асрамж халамжийн төвд амьдарч буй хүүхдүүдэд чиглэсэн зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

ИЛТГЭЛИЙН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛГИЙН ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААН ДАХЬ ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ, ХҮНИЙ ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ СЭДВИЙН ХҮРЭЭНД:

Гэр бүлийн боловсрол олгох, орон байраар хангах, зорилтот гэр бүлийг дэмжих нийгмийн үйлчилгээг сайжруулах, хүчирхийлэл, ахуйн хүрээний сөрөг зан үйлээс хамгаалах асуудлыг тусгасан гэр бүлд чиглэсэн салбар дундын цогц бодлого батлах, санхүүжилтийг шийдвэрлэх;
Гэр бүл, хүүхдийн мэдээллийн нэгдсэн санг бий болгох;
Гэр бүлийн боловсрол олгох, хувь хүнийг төлөвшүүлэх агуулгыг албан, албан бус бүх шатны боловсролын хөтөлбөрт тусгах, төр ба иргэний нийгмийн оролцоо бүхий тогтолцоог тодорхой болгож, холбогдох байгууллагад хариуцуулах;
Өсвөр насныхны нөхөн үржихүй, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, тэдний өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээний тусгай арга хэмжээ авах;
Ахмад настан, хүүхэд, байнгын хэвтрийн өвчтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах үйлчилгээг даатгалын зарчмаар санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлж, хэрэгжүүлэх;
Шүүхээс тогтоосон хүүхдийн тэтгэлгийг төлөхөөс зайлсхийсэн, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгах, төлбөрийн чадваргүй тэтгэлэг төлөгчийн үүргийг нөхөн төлөгдөх нөхцөлтэй “Хүүхдийн тэтгэлгийн сан”-аас олгох боломжийг судлах;

ИЛТГЭЛИЙН ТАВДУГААР БҮЛГИЙН ИРГЭНИЙ НИЙГЭМ БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДЫН ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ СЭДВИЙН ХҮРЭЭНД:

Төр, иргэний нийгмийн хамтын ажиллагааны талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлах, ашгийн бус байгууллага байгуулж, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хэрэгжүүлэх үзэл баримтлалын үүднээс төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчлэн боловсруулах;
Гэрч, хохирогчийг хамгаалах бие даасан механизмыг бий болгох, хүний эрх хамгаалагч, шүгэл үлээгчийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх;
Байгаль хамгаалагчийн ажлын байрны үнэлгээг хийж, албан үүргээ гүйцэтгэх баталгааг бүрдүүлэх;

ИЛТГЭЛИЙН ЗУРГААДУГААР БҮЛГИЙН ХОРИХ ЯЛ ЭДЛЭЭД СУЛЛАГДСАН ХҮМҮҮСИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, СОЁЛЫН ЭРХИЙН ХҮРЭЭНД:

Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийг нийгэмд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг олон улсын туршлагад нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг нь хангах;
Хорих ял шийтгүүлсэн хүнийг нийгэмшүүлэх, суллагдахад бэлтгэх, нийгмээс тусгаарлахгүйгээр ялын зорилгыг хангах ажлын бодит үр нөлөөг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;
Хорих ангийн тоог бууруулах урт хугацааны зорилгын үүднээс хорих ангийг дагнасан сургалт, үйлдвэрлэлийн хэлбэрээр зохион байгуулах бодлого гаргаж, хэрэгжүүлэх;
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны А/167, А/233 тоот хамтарсан тушаалаар баталсан “Хоригдлыг суллахад бэлтгэх хөтөлбөр”-т Боловсрол, шинжлэх ухааны яамны хэрэгжүүлэх чиг үүргийг нэмэх, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг төсөвт тусган, хэрэгжилтийг хангуулах, чиг үүрэг бүхий байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтийг жил бүр дүгнэж байх;
Засгийн газрын 2018 оны 96 дугаар тогтоолд заасан хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд нэг удаа олгох нийгмийн халамжийн тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан шинэчлэн тогтоох;
Хоригдлын хөдөлмөр эрхлэх нөөц, сонирхол, хэрэгцээг тодорхойлж түүнд тохирсон мэргэжил олгох сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шаардагдах санхүүжилтийг төсөвт тусгах.

ИЛТГЭЛИЙН ДОЛООДУГААР БҮЛГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ УЛС ТӨРИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС, ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ СЭДВИЙН ХҮРЭЭНД:

ХБХЭК-ын 33 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих бүтцийг тогтоон хуульчлах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүргээ биелүүлээгүй хүн, хуулийн этгээдэд оногдуулах хариуцлагыг Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулиудад нарийвчлан тусгах, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох;
Бүх шатны сонгуульд нэр дэвшиж буй хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх, түгээх, хүртээмжтэй тээврийн хэрэгсэл, сурталчилгааны байраар хангах, дохионы хэлмэрч, хувийн туслах ажиллуулах зэрэг дэмжих үйлчилгээ авахад төрөөс санхүүгийн дэмжлэг, төлбөр, татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох;
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах, бие даан шийдвэр гаргах, сонголт хийх хэвшил, дадал төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Насан туршийн суралцахуйн төвийг түшиглэн ИНБ-уудтай хамтран зохион байгуулах;
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд чуулганы танхим, хуралдааны мэдээлэл хөгжлийн бэрхшээлийн хэлбэр, онцлог хэрэгцээнд нийцсэн байх, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнд шаардлагатай хувийн туслах, дохионы хэлмэрч, туслах технологиор хангах зохицуулалт тусгах;
Монгол Улсын цахим хөгжлийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанар, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ технологийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаа, хөрөнгө оруулалтын арга хэмжээг тусган хэрэгжүүлэх.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан