“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2024.04.30) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ...” гэж заасны дагуу Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулан, Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон хэмээн салбарын сайд танилцуулав.
Тэрбээр, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулсан болохыг тодотголоо.
Төлөвлөгөөний төсөлд салбарын яамд болон аймаг, нийслэл 2025 онд хэрэгжүүлэхээр нийт 68 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 711 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн аж.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын 8 тэргүүлэх чиглэлийг тодорхойлж тусгажээ.
“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийн нэгдүгээр бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”-ын хүрээнд гадаад худалдааг хөнгөвчилж, экспортын зах зээлийг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг шинэ технологи инновацад суурилан хөгжүүлж, цаг уурын эрсдэлд дасан зохицсон, үр ашигтай бизнесийн салбар болгон хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт уул уурхайн шилжилтийг хийх, боомтын сэргэлт, бүс холбосон таван тойрог замын төслүүдийг хэрэгжүүлж тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх бодлого баримтална.
Хоёрдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”-ын хүрээнд үндэсний орон сууцжуулах бодлогыг баялгийн сантай уялдуулан дэмжих, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээг эрчимжүүлэх, боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өрсөлдөхүйц чадвартай төгсөгчдийг бэлтгэх, нийгмийн баталгааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хүн амын бүлэг бүрд зориулан оновчтой хэрэгжүүлэх, соёл, спортын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтална.
Гуравдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”-ын хүрээнд төрийн шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашиглаж, иргэдэд ойр төрийн үйлчилгээг бий болгох, шинжлэх ухаан, технологи, инновац, хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг эрчимжүүлэх, хүний эрхийн баталгааг хангах, хараат бус, ил тод шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, нийгмийн баталгааг хангах бодлого баримтална.
Дөрөвдүгээр бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”-ын хүрээнд бизнесийн салбарт төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, төрийн оролцоог хязгаарлах, бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, банк, санхүү, даатгалын салбарын реформыг хэрэгжүүлж, зээлийн хүүг бууруулах бодлого баримтална.
Тавдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд ногоон хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих, байгаль орчны тогтвортой байдлыг хангах бодлого баримтална.
Зургаадугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд хөрөнгө оруулалт, хөгжлийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар төлөвлөх, бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүсүүдэд эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, одоо байгаа татваргүй чөлөөт бүсүүдийг ашиглалтад оруулах бодлого баримтална.
Долоодугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотын засаглалыг сайжруулж, иргэд нийгмийн үйлчилгээг төвөгшөөлгүй, өөрийн гэрээс “20 МИНУТЫН ЗАЙ”-д авах бололцоог бий болгох, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг эрчимжүүлэх бодлого баримтална.
Наймдугаар бодлогын тэргүүлэх чиглэл буюу “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх”-ын хүрээнд “Нэг цонх-Нэгдмэл гадаад бодлого”-ыг үргэлжлүүлэх, батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, орчны аюулгүй байдлыг хангаж, хүн, нийгмийн амар тайван орчныг бий болгох бодлого баримтална гэлээ.