Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
1922 онд Монгол Улсад анхны нүүрсний уурхай, улсын ууган үйлдвэр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байгуулагдсанаар тус уурхайн ажилчид, тэдний гэр бүлийнхний эрүүл мэндийг сахин хамгаалах үүднээс 1924 оны 8 дугаар сард Налайх дүүрэгт хүн эмнэлгийн салбарыг байгуулах тушаал гарч, 1 эмч, 1 сувилагч, 1 асрагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 330 ажилтан, алба хаагчтай болон өргөжиж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож байна.
100 жилийн бахархам түүхээ залуу нас, хөдөлмөр бүтээл, сэтгэл зүтгэлээрээ тамгалан бичилцсэн тус төвийн үе үеийн удирдлагууд, эмч, сувилагч, асрагч, нийт хамт олон, цагаан нөмрөгт баатрууд та бүхэндээ баярын мэнд хүргэж, түүхт ойн босгон дээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт” эмнэлэг болсон явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж, эрүүл энхийн түмэн жаргаланг хүсэн ерөөе.
Засгийн газраас сүүлийн 4 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлс сүүлийн жилүүдэд үе шаттайгаар нэмэгдэж байгаа.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв 2017 онд 3.8 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байсан бол Ковидын жилүүдэд 13.9 тэрбум, 2023 онд 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилтай байсан нь даруй 3 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ хугацаанд тохижилт үйлчилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажлын байрны орчныг сайжруулахад 5.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдлээ.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 100 жилийн түүхт ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнагдав.