Албан хаагчдыг гадаад сургалтад хамруулах замаар хүний нөөцийг чадавхжуулна
2024.04.12

Албан хаагчдыг гадаад сургалтад хамруулах замаар хүний нөөцийг чадавхжуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр төрийн албан хаагчидтай уулзаж, нийслэлийн удирдлагын багийн баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцууллаа. Уулзалтад нийслэл болон дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын 3000 гаруй албан хаагч оролцсон юм.

Улаанбаатар хот дахь төрийн 654 байгууллагад 47,254 албан хаагч ажиллаж байна. Үүнд улс төрийн 276, төрийн тусгай 829, төрийн захиргааны 4821, төрийн үйлчилгээний 41,328 албан хаагч багтаж буй.

Нийслэлийн удирдлагын бодлого шийдвэр, Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж буй ажлууд болон шинэчлэлүүдийг хууль, эрх зүйн орчин; бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт; засаг захиргааны шинэчлэл; төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа гэсэн сэдвүүдийн хүрээнд танилцуулав. Ингэхдээ албан хаагчдыг гадаад сургалтад хамруулах замаар хүний нөөцийг чадавхжуулах бодлогыг нийслэлийн удирдлагууд онцолж, сургалтын хугацаанд ажлын байрыг нь хадгалах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг хэлсэн юм.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг чадавхжуулахад чиглэсэн 36 агуулга хөтөлбөрөөр цахим болон танхимын сургалт зохион байгуулж албан хаагчдыг сурган, хөгжүүлж байна. Энэ хүрээнд 2017-2024 онд 1593 удаагийн сургалтад давхардсан тоогоор 33457 албан хаагч хамрагджээ.

Цаашид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулж, хүний нөөцийг бэхжүүлэхийн тулд гадаад сургалтад хамруулах бодлогыг баримталж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны харьяа 40 байгууллагад нэн шаардлагатай байгаа төрөлжсөн болон нарийвчилсан мэргэжлийг тодорхойлох судалгааг хийхэд дараах мэргэжлүүд хамгийн их санал авсан бөгөөд эхний ээлжид инженер техникийн ажилтнуудыг гадаад сургалтад хамруулж, мэргэшүүлнэ гэдгийг Хотын дарга хэллээ.

Судалгаанд оролцогчдын 25 хувь нь 1-30 хоног буюу богино хугацааны, 54 хувь нь 1.5-6 сар буюу дунд хугацааны, 21 хувь нь 1 жил болон түүнээс дээш буюу урт хугацааны сургалтад хамрагдах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.