Боомтын сэргэлтийн Үндэсний хороо МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар боллоо
2024.03.27

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар боллоо

Боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Үүнийг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эхлэл болгон Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, МҮХАҮТ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт тусгаснаар талууд Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэх, Хилийн боомтуудын тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулах, Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, мөн аялал жуулчлалын салбарыг дэмжих, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Хилийн боомтын хөгжлийн бодлого төлөвлөлт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, судалгаа хөгжүүлэлт, боомтын форумыг зохион байгуулах замаар харилцан хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулахад гол зорилго оршино гэжээ.

Энэ хүрээнд МҮХАҮТ-ын Эдийн засгийн коридор, боомт, тээвэр, логистикийн зөвлөлөөр дамжуулан хангах, улс хоорондын хэлэлцээр, хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагаанд үндэсний аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулах, санал хүсэлтээ илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлэх, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэх, салбарын техник, технологи, инновацыг хөгжүүлэхэд талууд харилцан хамтран ажиллах юм.

Мөн МҮХАҮТ боомтын сэргэлттэй холбоотой форум, уулзалт, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг 2025 оноос эхлэн “Боомтын чуулган” ТББ-аар дамжуулан бие даан зохион байгуулахаар үзэглэлээ.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn