Улсын бүртгэлийн байгууллагад азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэй хэрэгжих төслийн нээлт боллоо
Энэхүү төсөл нь сумдад эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах, нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулахад оршино.
2023 оны 12 дугаар сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжих энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банкны Техникийн туслалцааны Тусгай сангийн буцалтгүй тусламж хэлбэрээр санхүүжиж байна.
Улсын бүртгэлийн байгууллага нь өнөөдрийн байдлаар иргэний улсын бүртгэлийн 19, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 32, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 33, архивын 28 төрлийн нийт 112 төрлийн үйлчилгээг нийслэлд 28 нэгжээс орон нутагт 21 аймаг, 330 сум, 22 тосгоноос иргэн, хуулийн этгээдэд бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна.
Уг төсөл нь эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг сайжруулах замаар төрийн үйлчилгээний удирдлага, цахимжуулалт, төвлөрлийг сааруулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд технологийн болон цахим шийдлийг сайжруулж, чадавхыг бэхжүүлснээр Монгол Улсын 200 гаруй сум, 500,000 гаруй хүн ашиг шим хүртэнэ. Төсөл нь бүртгэлийн байгууллагад өмнө нь хэрэгжсэн АХБ-ны Үнэлгээний газраас амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэгдсэн “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” техникийн туслалцааны төсөл дээр суурилсан болно.
Төслийн хүрээнд Улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг сумдад бүрэн нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, улсын бүртгэлийн бүх үйлчилгээг анхан шатны нэгжээс үзүүлэх, системийн чанарыг сайжруулах, цахим сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хэвийн найдвартай ажиллагааг хангах, тоног төхөөрөмж, програм хангамжийг шинэчлэх, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр хүртээмжтэй хүргэх нөхцлийг бүрдүүлэх, суурь мэдээллийг бусад байгууллагатай солилцох болон албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлага нэвтрүүлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр сумдад эд хөрөнгийн эрхийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх /анхан шатны нэгжээс үзүүлэх/, улсын бүртгэлийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгын хүрээнд төслийн үйл ажиллагааг эхлүүлж байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn