Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Бундестагийн Байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзав
2024.04.02

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ХБНГУ-ын Бундестагийн Байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2024.04.02) Др. Вольфганг Штэфингэр тэргүүтэй ХБНГУ-ын Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байнгын хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт төөлөлөгчдийг манай оронд тавтай зочлохыг уриад 2024 он бол манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол Улсаас Герман Улсад оюутан суралцаж эхэлсний 100 жилийн ой тохиож байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэж, хоёр тал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс манай хоёр орныг ойртуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр батжин бэхжиж байна. Герман Улс бидний гуравдагч хөрш, Европ дахь хамгийн чухал итгэлт түнш. Тийм ч учраас бид Европын орнуудаас Герман Улстай хамгийн түрүүнд Стратегийн түншлэл тогтоосон. Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэхэд ХБНГУ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Монгол Улс 1990 онд ардчилсан шилжилтийг эхлүүлэх үед ХБНГУ эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд Монголын ард түмэн, төр засаг их талархалтай байдаг. ХБНГУ 1990 оноос эхлэн манай орны нийгэм, эдийн засгийн шинэчлэлд зориулан хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 500 гаруй сая еврогийн тусламж үзүүлж ирсэн. 2020 онд хөгжлийн хамтын ажиллагааг зогсоосон шийдвэрээ Холбооны Засгийн газар эргэн харж, 2022 оноос дахин сэргээсэнд талархал илэрхийлье. Герман Улс Хөгжлийн тусламжаа үргэлжлүүлэх болсон нь Монгол Улсын ардчиллыг дэмжсэн шийдвэр гэж ойлгож байгаа. Энэ дэмжлэг нь олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд цаг үед манай улсын эдийн засаг төдийгүй улс төрийн харилцааны хувьд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын даргын хувиар Бундестагийн Ерөнхийлөгч, хатагтай Б.Бас-ыг Монгол Улсад урьсан. Хатагтай Б.Бас урилгын дагуу айлчлан ирнэ хэмээн найдаж байна гэв.

Төлөөлөгчдийн тэргүүн Др. Вольфганг Штэфингэр Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүдийг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаа, хөгжлийн хамтын ажиллагаатай ирсэн болохыг уулзалтын дурдав. Тэрбээр, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, хүнд энэ цаг үед ардчилсан үнэт зүйлстэй улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь илүү чухал болохыг онцлов. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Бундестаг дахь улстөрийн томоохон нам, эвслийн төлөөлөл багтсан, манай хоёр улс хоорондын стратегийн түншлэлийг дараагийн шатанд гаргахад холбогдох албаны хүмүүстэй санал солилцож, уг айлчлал амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр их гүрний дунд геополитикийн өвөрмөц байрлалтай манай улсын хувьд парламентын засаглалыг бэхжүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан үнэт зүйлээ хадгалан хөгжих нь нэн чухал гэж бид үздэг. Тиймээс парламентын засаглалыг бэхжүүлэх, төгөлдөршүүлэхэд чиглэсэн шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ оны 6 дугаар сард Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль болох бөгөөд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын гишүүдийн тоог 76-аас 126 болгон нэмэгдүүлсэн. Түүнчлэн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилсан нь ХБНГУ-д Бундестагийн сонгууль явуулдаг аргачлалтай нэлээд төстэй гэж хэлж болно гэлээ.

Др. Вольфганг Штэфингэр Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулав. Талууд хоёр улсын парламент, бүтэц, зохион байгуулалт болон маргаан хянан шийдвэрлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг болон бусад албаны хүмүүс байлцав