Ж.БАТ-ЭРДЭНЭ: “НОГООН АВТОБУС”-НЫ СОНСГОЛД Д.СУМЪЯАБАЗАР, Ж.СҮХБААТАР НАРЫГ ГЭРЧЭЭР ДУУДНА
2024.04.03

Ж.БАТ-ЭРДЭНЭ: “НОГООН АВТОБУС”-НЫ СОНСГОЛД Д.СУМЪЯАБАЗАР, Ж.СҮХБААТАР НАРЫГ ГЭРЧЭЭР ДУУДНА

УИХ-аас “Ногоон автобус”-ны асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулж, нийтийн сонсгол зохион байгуулахаар болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны Ажлын хэсгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-аас “Ногоон автобус”-ны гэх хэрэгтэй холбоотойгоор ажлын хэсэг томилон сонсгол явуулахаар болсон. Сонсгол зохион байгуулах ажлын явц ямар байгаа талаар та мэдээлэл өгөөч?

-Хянан шалгах түр хороны ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 25-нд хуралдаж, шинжээч нараа томилсон. Монголбанк болон Сангийн яамны Төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой газраас, аудитын газраас шинжээчид томилогдон ажиллахаар болсон. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батцэцэгээс автобусны худалдан авалттай холбоотой материалуудыг гаргаж өгөх хүсэлт хүргүүлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт мөн хүсэлт хүргүүлсэн байгаа. Энэ мэтээр шаардлагатай баримт бичгүүдийг хүлээж авсны дараа хянан, шалгах ажил руугаа орно. Хяналт шалгалт хийсний дараа шинжээчийн дүгнэлтүүдээ нэгтгэнэ. Тухайн дүнгэлтийг үндэслэн ямар хүмүүсийг гэрчээр дуудах нь тодорхой болж, сонсголын товыг тогтооно.

-Сонсголыг худалдан авах ажиллагааны хүрээнд л зохион байгуулна. Сонсголын хамрах хүрээ явцуу байна гэх шүүмжлэл байгаа. Энэ үнэн үү?

-Зөвхөн ногоон автобустай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Үүний худалдан авах ажиллагаатай асуудлаас гадна нийслэлийн нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд орж ирэх байх. Нийтийн тээвэрт аж ахуйн нэгжүүд шантааж хийдэг байдал бий болчихсон гэх асуудал хүртэл яригддаг. Шатааж нь юу юм. Гэхдээ нийслэлийн нийтийн тээвэр газар аж ахуйн нэгжүүдийн хоорондын зохицуулалттай холбоотой асуудал гарч ирж байгаа болов уу. Засгийн газрын хөрөнгөөр 2008 онд Нийслэлийн нийтийн тээврийн газарт 400-аад газарт хүлээлгэж өгсөн. Үүнийг аж ахуйн нэгжүүддээ хувааж өгсөн.. Тухайн үед аж ахуйн нэгжүүдэд өгсөн 400 автобусны эргэн төлөлт хийгдээгүй юм билээ. Ер нь төр аж ахуйн нэгжүүдээрээ дамжуулж хийх ёстой. Гэтэл төрийн өмчит авто бааз гэж өнөөдрийг хүртэл байгаад байна.

НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙГАА УЧРААС ЗАРИМ ШААРДЛАГАТАЙ БАРИМТ МАТЕРИАЛЫГ ХЯНАЖ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

-УИХ-аас хоёр удаа сонсгол явуулсан. Энэ үеэр Түр хорооны ажлын хэсэг холбогдох байгууллагууд шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхгүй байх, удаах асуудал байна гэж байсан. Ийм асуудал гарахгүй байх тал дээр энэ удаагийн ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Бид холбогдох газруудад хүсэлтээ гаргасан. Шинжээчид материалуудаа хэр бүрдүүлэх вэ гэдэг нь хараахан тодорхой болоогүй байна. Ногоон автобусны хэрэг хуулийн байгууллагад шилжсэн байгаа шүү дээ. Үүнтэй уялдаад зарим шаардлагатай баримт материалыг хуулийн байгууллага хянаж байхыг үгүйсгэхгүй.

-Яллагдагчаар татагдсан болон цагдан хоригдсон хүмүүс байгаа шүү дээ. Нүүрсний сонсголоор бол гол гэрч гэгдэж байсан Б.Ганхуяг цагдан хоригдсон гэх шалтгаанаар сонсголд оролцож чадаагүй. Ногоон автобусны гол холбогдогч нарыг сонсголд оролцуулах талаас Ажлын хэсэг ямар арга хэмжээ авч ажиллах бол?

-Тийм асуудал гарах байх. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа гэрчээр ямар хүмүүс дуудах вэ гэдэг нь тодорхой болно. Бид сонсголоор бүх мэдээллийг ард түмэнд өгөх үүрэгтэй. Үнэхээр хуучин автобус байсан юм уу, түүнийг нь мэдээд хийсэн юм уу, мэдээгүй хийсэн юм уу, хууль бус уу гэх асуултыг бид иргэдийн өмнөөс асууна. Хяналт шалгалтын түр хорооны үүрэг нь төрийн өмнө ил болгож чаддаггүй байсан асуулдыг ил болгох эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн.

-Та хоёр сонсголын ажлын хэсэгт багтаж ажилласан. Ард түмэн сонсголоос үр дүн хүлээж байна. Ногоон автобусны сонсголыг үр дүнтэй болгох дээр та болон ажлын хэсэг яаж анхаарах вэ?

-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулаад бид мэдээллийг ард иргэдэд нээлттэй өгөх хаалгыг нээгээд өгчихсөн. Ингэснээр өчнөөн жил дарагдсан Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй болголоо. Нүүрсний сонсголоор маш их мэдээлэл ил болсон. Тэгэхээр Их хурал үүргээ гүйцэтгэж байна. Иргэд ч гэсэн сонсголоор мэдээллийг нээлттэй ил тод өгч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үр дүн хаана байна вэ гэдэг асуудлыг асууж байна. Хөгжлийн банкны хэрэг дээр гэхэд л төсөөлснөөс сул шийдвэр гаргачихсан. Энэ мэт жишээнээс ард түмэн та нар толгойг нь илээд явуулчихлаа гэж шүүмжлээд байгаа юм. Хяналт шалгалтын тухай хууль үр дүнтэй, ач холбогдолтой байна. Нэг зүйлийг дутуу хийчихсэн. Мэдээж бид шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй.

Тэгэхээр Хяналт шалгалтын тухай хуулиар мэдэх эрхийг хангахаас гадна хэлэлцсэн асуудлаараа шүүхийн байгууллагад материалаа хүргүүлдэг. Ингээд хуулийн байгууллага бидэн буцаагаад тайлан тавьдаг байгаасай. Ингэж хуульд өөрчлөлт оруулж болох юм. Хэрэв зээ ийм зохицуулалт тусгаж чадвал бид буцаад шинжээч үнэн дүгнэлт гаргаж уу, гэдгийг хянах боломжтой болж байна.

А.ГАНХУЯГИЙГ ГЭРЧЭЭР ОРОЛЦУУЛАХ ЭСЭХИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШИЙДНЭ

-Нийтийн тээврийн парк шинэчлэлд 318 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс ногоон автобусны хүлээж авсан 20, хүлээж аваагүй 80 нийт 100 автобусны асуудлыг сонсголоор хэлэлцүүлнэ гэх яриа байна. Үүнд тодорхой хариулт өгөөч?

-Ногоон автобусны 100 автобусны хүрээнд сонсгол явуулна.

-Ногоон автобус хаана байгаа вэ. Цаашид буцаах уу, үгүй юү гэдгийг сонсголоор хэлэлцэх боломжтой юм уу?

-Автобус хаана байгааг мэдэхгүй байна. Тендерт ялсан компани нь “Тэнүүн-Огоо” ХХК. Тэгэхээр энэ компани худалдаж аваад улсад нийлүүлэх байсан. Одоохондоо автобус “Тэнүүн-Огоо” ХХК-ийн өмч гэсэн үг. Худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй гэж ойлгож байгаа. Бид хүлээгээд авчихсан бол харин автобусаа яах вэ, хохирлоо яаж барагдуулах вэ гэдэг асуудал гарна. Миний ойлгож байгаагаар автобусыг улс хүлээж аваагүй юм билээ.

-Гэрчээр Тэнүүн-Огоо ХХК-ийн захирал А.Ганхуягийг оролцуулах боломжтой юу?

-Тэрийг хуулийн байгууллага шийднэ. Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар тэргүүтэй дуудаж болох албан тушаалтнуудыг бүгдийг нь гэрчээр дуудна гэж төлөвлөж байна.