С.ОДОНТУЯА: Явцуу хүрээнд ОЛОН ЖИЖИГ БҮСЭД хувааж төлөвлөх нь буруу
УИХ-ын дэд дарга, эдийн засагч С.Одонтуяагийн “Хөгжил үү, хоцрогдол уу?” нийтлэл хэвлэлүүдэд гарч эхлээд байна. Уг нийтлэлд ЭДИЙН ЗАСАГЧ гишүүн ямар асуудал хөндөв.
Давагдашгүй хүчин зүйл гэдгийг монголчуудад цар тахал сайтар ойлгуулсан. Манай улсын бодит байдлыг тодоор харуулсан хоёр жил байсан гэвэл, буруудахгүй. Гэвч бид сургамж авсан уу.
“ЖДҮ, Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай гээд төрийн бодлого, засаглалтай шууд холбоотой асуудлууд гарсаар байна. Өнгөрсөн зунаас өдийг хүртэл амар тайван өнгөрсөн өдөр үгүй гэхэд маргах хүн гарахгүй болов уу.
Зуны турш үер, усны аюулыг даван туулах сорил тулгарсан. Тэгж байтал шатахууны хомсдол, цахилгааны хязгаарлалт, ногоон автобус гээд дуулиан тасарсангүй. Нийслэлийн утаа, түгжрэлийн тухай ярихаас хэтэрсэнгүй. Энэ мэтчилэн газрын наймаа, стандартгүй барилгажилт гээд тоочоод байвал олон зүйл бий. Хамгийн айхтар нь хийн түлш тээвэрлэж явсан автомашин осолдож олон хүний өмч хөрөнгө сүйдэж, гэр оронгүй боллоо. Тэр ч бүү хэл зудын гамшиг нүүрлэн малчдын амьдралд хүндрэл учирч эхэллээ. Аливаад учир шалтгаан байдгийн адилаар байгалийн гамшиг, нийгэмд тохиолдож буй эрсдэлүүдийн гол буруутан нь АВЛИГА гэдгийг хүмүүс ярьсаар байна.
АВЛИГА ЦАР ТАХЛЫН ХЭМЖЭЭНД ХҮРЧИХЭВ ҮҮ?
Засгийн газраас өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх хүрээнд "5Ш" ажиллагаа хэрэгжүүлэн тодорхой ажлуудыг хийсэн. Гэвч "Transparency international" байгууллагаас гаргадаг "Авлигын төсөөллийн индекс"-т Монгол Улс 2023 оны байдлаар 180 улсаас 121-рт эрэмбэлэгдэж өмнөх жилээс таван байраар ухарсан үзүүлэлттэй гарчээ.
УИХ 2023 оны хаврын чуулганаа “Авлигын эсрэг” чуулган зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Ингэхдээ авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгасан өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулсан. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх олны анхаарлыг татсан үйл явдлуудаар УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулж, Нээлттэй сонсгол зохион байгуулсан. Ингэснээр улс орон даяар томоохон луйврын үйлдлүүдийг ил тод болгосон.
Авлига яагаад амь бөхтэй “оршиж” байна вэ. Үүний гол буруутан нь засаглалын тогтолцоо. Хэрэв засаглал гажуу тогтолцоотой байсаар байвал улс орны хөгжил, эдийн засгийн тэлэлт, үйлвэржилтийг хөгжүүлэх талаар яриад ч хэрэггүй гэдгийг хүмүүс аль хэдийнэ ойлгочихсон. Тэгэхээр алдагдсан боломжийн гол буруутан бол шийдвэр гаргагч. Өөрөөр хэлбэл, тогтолцоог бүрдүүлдэг бодлого, бодлогыг хэрэгжүүлдэг шийдвэр гаргагч нартай холбоотой гэсэн үг. Цаашилбал, “хөлдүү” тогтолцоо тэдэнд ашигтай байна уу гэх хардлага ч бий. Учир нь тогтолцооны гажиг байгааг, түүнийг засах шаардлага тулгарсныг шил дараалан зохион байгуулдаг чуулгануудад байнга л яригддаг сэдэв. Тэр ч бүү хэл, хүчтэй оршихын тулд авлигачдын сүлжээ бий болчихлоо гэлцдэг. Давхарга болтлоо хөгжсөн ч гэдэг. Үгүйсгэх аргагүй үйл явдлууд ч нийгмийн сүлжээнд тархаж албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг төрийн албан хаагч хийгээд, шүүх, цагдаа, прокурорыг эгнээндээ элсүүлэн дур зоргоороо авирладаг явдал газар авчихсан гэдгийг харуулдаг. Энэ бүхэн хэн нэгний санаанаас зохиосон үлгэр биш. Кинон дээр гардаг үйл явдал ч биш. Бодит амьдралд байдаг кейс болж хөгжсөн нь харуусмаар явдал.
Авлигачид байгалийн баялгийн “өрөм”-ийг нь их наядаар тоолж цөлмөх. Ажлын шүүгээндээ тэрбумаар тоологдох мөнгөн дэвсгэртүүдийг хадгалах бүр оймсныхоо түрийнд ч хадгалж байгаа харагдана лээ. Тансаглал, зугаалга, брэндээр гоёж гоодох хэвийн үзэгдэл болтлоо нийгмийг цочроож, түүнийгээ ойшоохгүйгээр барахгүй байдаг л зүйл мэт авирлах ч хэрээс хэтэрсэн.
Гэтэл энгийн иргэд орон сууцны зээл, хэрэглээний лизингийн “боол” болж амьдарч байгаа нь Монгол Улсын өнөөгийн нийгмийн бодит төрх. Давхаргын ялгаа гартлаа өөрчлөгдсөн нийгмийн золиос нь энгийн иргэд болж байгааг хэлэх нь зүйтэй. Бугшсан авлигийн сүлжээ хөдөлмөрийн насны залуучууд эх орноосоо дайжих шалтгаан болж буйг гадаадад ажиллахаар явж буй залуусын урсгалаар илэрхийлэгдэнэ. Элэг бүтэн гэр бүлээрээ ч амьдарч чадахгүй нийгмийн золиос нь залуус, хүүхдүүд. Баян тансаг амьдрахгүй ч ядаж орох орон, хөл дүүжлэх унаатай болохын төлөө хүний нутагт “боол”-ын хөдөлмөр эрхлэхээр явсан залуусын амьдрал салж сарних нь хэвийн үзэгдэл болсон. Үүний уршгаар өнчин, эцэг эх нь салсан гэр бүлд өсөж торних ирээдүй болсон хүүхдүүд хамгийн их хохирлын амсаж буй юм. Авлигийн урхаг, уршиг Монгол Улсын ирээдүйд хамгийн их заналхийлж буй нь энэ л дээ.
АЛХМААР УРАГШЛАХ НЬ “АЛСЫН ХАРАА” БИШ
“Монголын эдийн засгийн форум-2024” өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр төрийн ордонд “Бүсчилсэн хөгжил” сэдвээр чуулав. Гэвч Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай санал нийлэхгүй зарчмын асуудал гарч байна. Тухайлбал, Бүсчилсэн хөгжлийн бодлого бол улс орны хөгжлийн хэтийн төлвийн стратеги. Тиймээс зөвхөн өнөөдрийн байгаа боломж, нөөцдөө тулгуурлаж явцуу хүрээнд олон жижиг бүсэд хувааж төлөвлөх нь буруу. Харин улсынхаа ирээдүйн хөгжлийг томоор харж дэлгэмэл байдлаар төлөвлөх нь зүйтэй.
Өнөөдөр улс орныхоо хөгжлийг 50 жилээр төлөвлөж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн алхмаар урагшлах нь “Алсын хараа” биш. Харин хэвшмэл ядуу сэтгэлгээ, арга барил, хандлагаа эрс өөрчилж илүү үр дүнтэй, дайчин давшингуй бодлогод шилжихийг хэлнэ. Дугуйг шинээр зохион бүтээх шаардлагагүйтэй адил бидэнтэй ижил гараанаас эхлээд өдгөө хүчтэй хөгжиж буй улс орнуудын туршлагаас суралцах хэрэгтэй. Биднийг хөгжиж дэвшихэд хагас зуун жил шаардлагатай гээд сууж байх хооронд дэлхийн кибер орон зай, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн шинэ эрин үед шилжиж байна. Өнөөдөр бусад улс орон Саран дээр суурьших, Ангараг гаригийг эзэмших, Хиймэл нар хийх, Хиймэл оюун бүтээх, Цахим эдийн засгийг хөгжүүлэх талаар шаргуу ажиллаж байна.
Тэгэхээр давшингуй хөгжиж буй зарим орны туршлагыг нэвтрүүлэх, хөгжлийн бодлогын зарчмын хэдэн тулгуур асуудлын талаар ярьж, хэлсээр байгаа. Улс орныхоо хөгжил дэвшилд гол хариуцлага хүлээх ёстой төр, засгийн удирдагч нарт өргөн мэдүүлж, үр дүнтэй шийдэл, шийдвэр гаргахыг шаардсаар ирсэн. Бид ийнхүү хурдтай хөгжиж буй бусад орны туршлагаар бүтээн байгуулалтын том, том төслүүдийг хойш тавилгүй цогцоор нь нэгэн зэрэг хэрэгжүүлэх шаардлага бий. Үүний тулд хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, дорвитой арга хэмжээ авч ажилласнаар Монгол Улс үсрэнгүй хөгжих нөөц бололцоо бий. Иймээс улс орныхоо эдийн засгийн өнөөгийн хүндрэл, бэрхшээлийг давж гарах гарц, шийдлийг хэлж, ажил хэрэг болгоход анхаарал хандуулах хэрэгтэй юм.
Дэлхийн хөгжилтэй энэ зэрэгцэж ажиллаж амьдрах нь хүн бүрийн хүсэл. Харин үүнийг хэрэгжүүлэх нь төрийн бодлого, засаглалтай шууд холбоотой. Нийгмийн амьдралаас “тасарчихсан” албан тушаалтантай атлаа амьдрал нь хоцрогдсон магадгүй хаягдсан мэдрэмжтэй иргэдтэйгээр Монгол Улс үсрэнгүй хөгжлийн талаар ярих боломжтой юу гэдэг асуултад эхлээд хариулах хэрэгтэй болов уу.