Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн Ажлын хэсэг БНСУ-д ажиллаж байна
УИХ дахь Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблей, Авлигын эсрэг тэмцэх болон Иргэний эрхийн хороон дээр ажиллаж, хамтран ажиллах тухайд санал солилцлоо.
Нийтийн эрх ашиг сонирхлыг хохироосон, эсвэл хохироож болзошгүй хэргийн талаар мэдээлэл өгөгч буюу шүгэл үлээгчийг хамгаалах нь авлигын эсрэг тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас Монгол улс Шүгэл үлээгчийг хамгаалсан анхдагч хуультай болохоор УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд ажлын хэсэг ажиллаж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж байгаа билээ.
БНСУ-ын хувьд Азийн бүс нутагт авлигын эсрэг эрх зүйн тогтолцоогоор тэргүүлэгч орны нэг бөгөөд ялангуяа нийтийн эрх ашгийн төлөө мэдээлэл өгсөн этгээдийг хамгаалах эрх зүйн механизм нь сайн хөгжсөн улс юм. Шүгэл үлээгчийг хамгаалах хууль нь 2011 онд батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш 10 гаруй удаа нэмэлт өөрчлөлт орж, хуулийн хамрах хүрээ нь өргөжсөн, маш нарийн зохицуулалттай болсон байна.
БНСУ-д нийтийн эрх ашгийг зөрчсөн тухай иргэдийн гомдол мэдээлэл хамгийн их ирдэг салбар бол эрүүл мэндийн салбар, эмийн бүтээгдэхүүний асуудал, түүний удаад барилгын аюулгүй байдал, чанарын шаардлага хангаагүй талаарх гомдол байдаг аж.
БНСУ-ын Авлигын эсрэг тэмцэх болон Иргэний эрхийн хорооны дарга Ю Чол Хваны зүгээс Монгол, Солонгос улс хамтарч, авлигын эсрэг тэмцэх бүс нутгийн байгууллага байгуулан ажиллах санал тавьсныг УИХ-ын гишүүд дэмжин хүлээн авч ажиллахаар боллоо.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn