Б.Жавхлан: Энэ онд БХЯ болон ОБЕГ-ын төсөв бусад яам агентлагаас хамгийн өндөр хувиар нэмэгдсэн
Онцгой байдлын алба хаагчдын тусгай зориулалтын хувцас, техник тоног төхөөрөмжийн хангалт улсын хэмжээнд 57, нийслэлд 55 хувьтай байгааг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян өчигдөр мэдээлсэн.
Мөн дөрвөн алба хаагч дундаа нэг хувцас дамжуулан өмсдөг. Нийт алба хаагчдын хувцас хэрэглэлийг хангахад 300-350 тэрбум төгрөг шаардлагатай байгааг ОБЕГ-ын дарга онцолсон юм.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан энэ оны улсын төсөвт ОБЕГ-ын урсгал зардалд хэдэн төгрөг тусгагдсан талаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Тэрбээр "Энэ жил төсөвт ерөнхийлөн захирагч буюу яамны сайд нараас 26 их наяд төгрөгийн санал ирсэн. Үүнээс 22 их наяд нь улсын төсөвт багтсан. Мөн 3.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсөвт тусгагдсан.
Сайд нараас ирүүлсэн төсөв үргэлж танагдаж байдаг. Шадар сайдын багцад багтдаг ОБЕГ-ын 2023 төсөв 212 тэрбум төгрөг байсан. 2024 онд 426 тэрбум төгрөг болсон байгаа. Үүнээс урсгал зардал нь 2023 онд 156 тэрбум төгрөг, 2024 онд 216 тэрбум төгрөг болсон. Бусад сайд нараас хамгийн өндөр хуваарь нэмэгдсэн.
Энэ онд Батлан хамгаалах яам болон Онцгой Байдлын Ерөнхий Газрын төсөв бусад яам агентлагаас хамгийн өндөр хувиар нэмэгдсэн байгаа. ОБЕГ 2024 онд 21.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авах боломжтой" хэмээн ярив.