Х.Болорчулуун: Дахиж сонгуулахгүй байх акц хийж буй нь ойлгомжтой
2024.01.18

Х.Болорчулуун: Дахиж сонгуулахгүй байх акц хийж буй нь ойлгомжтой

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар сайд нар өнөөдөр байр сууриа илэрхийлж, хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Эгч дүү хоёр сэтгүүлч өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Энэ хоёр хүнийг урд өдөр нь би Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн. Олон төрийн байгууллагад шантааж хийдэг юм байна энэ хоёр хүн.

ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлгийн газартай 2023 онд 19.5 сая төгрөгийн гэрээ хийсэн байсан. Гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй учир дахиж гэрээ хийхгүй байх чиглэлийг Хэвлэлийн албандаа өгсөн байсан юм.

Энэ хүмүүс цаашид өндөр дүнтэй гэрээ байгуулахыг шаардсан асуудал гарсан учир хуулийн байгууллагад өгсөн гэдгийг хэлье.

Х.Болорчулууны компани өндөр үнийн дүнтэй тендер авдаг гэсэн ташаа мэдээллийг зориуд явуулсан. Миний гэр бүлийн компани тендерчин биш, талх, гурил үйлдвэрлэдэг байсан. Том дүнтэй тендерт ордоггүй. Үнэн зөв нь олдоно" хэмээн тайлбар хэлэв.

Тэрбээр "Улстөрчид буруу зүйл хийгээгүй бол шантаажчдын өмнө хөл алдаж болохгүй.

Ичих булчирхайгүй ийм хүмүүсийг бидний эсрэг гаднынхан, гаднынхны гар хөл болсон хүмүүс ашиглаж, их мөнгөөр угждаг юм байна. 

Бид 3-4 удаа сонгогдсон гишүүд. Улс орныхоо үндэсний нийтлэг эрх, ашгийн төлөө тэмцэж ажиллаж ирсэн. Гаднынхны гар хөл болсон хүмүүстэй парламент дотор тэмцэж ирсэн, тийм амар байдаггүй.

Жишээлбэл 2016 оны намар шинэ Засгийн газар байгуулагдаад "Эрдэнэс Тавантолгойн" 49%-ийг Хятадын Шинхуа компанид, 51%-ийг Монголын талд эзэмшүүлнэ гэснийг дотор нь MCS компани Хятадын нэг компанитай 34%-ийг авч төрд 17%-ийг үлдээгээд 400-хан сая ам.долларын урьдчилгаатайгаар өгөх гэж байсныг эсэргүүцэж бүлэг дотроо бөөн юм болж байлаа. Ингээд бүлэг дотроо хоёрхон хүний саналаар УИХ-аар батлуулахгүй, авч үлдэж чадсан юм. 

Хоёрдугаарт Оюутолгойтой олон жил тэмцсэн. Хоёр жилийн өмнө Рио Тинтогийн гүйцэтгэх захиралтай нэг бус удаа хэлэлцээрийн ширээний ард сууж, шаардаж байж Монголын эзэмшлийн 34%-д оногдсон 2.8 миллиард ам.долларыг тэглүүлж чадсан. Энэ мэтээр байгалийн баялгийг ард иргэдийн хүртээл болгохын төлөө тэмцэж ирсэн гэдгийг хэлье.

Сонгуульд дахин сонгуулахгүй байх акц хийж байгаа нь ойлгомжтой. Цаашид ч сонгууль хүртэл үргэлжлэх байх" гэв.