УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанаар Ази-Номхон далайн бүсийн төвийг Монгол Улсад байгуулах амлалт өглөө
УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн мэдлэг олгох Ази-Номхон далайн бүсийн төвийг Монгол Улсад байгуулах амлалт өглөө.
Хүний эрхийн түгээмэл Тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглаж, хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан энэхүү Тунхаглал батлагдсаны 75 жилийн ой 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохионо.
Энэ хүрээнд ХЭҮК-оос “Хүний эрхийн Үндэсний Форум-2023” арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулсан бөгөөд тус форумаар “Хүний эрх ба-Цахим хөгжил”, “Хүний эрх ба Тэгш байдал”, “Хүний эрх ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач, хуульч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хүний эрх хамгаалагч иргэдийн төлөөлөл хэлэлцүүлэг өрнүүлж, хүний эрхийн тулгамдаж буй асуудал, шийдэл, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон юм.
Тэгвэл УИХ-ын даргын захирамжийн дагуу Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулж, УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2023.12.09/ боллоо.
Хүндэтгэлийн хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Б.Энхболд, Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм хариуцсан гишүүн Я.Цэлмэн болон Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын дарга нарын төлөөлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн болон Олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчид уригдан оролцсон юм.
Хүндэтгэлийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлэх үеэрээ Төр бол хүний эрхийг хангах тогтолцоо юм. Төр гагцхүү хуулиар зөвшөөрсөн хүрээнд ажиллаж, шийдвэр гаргах үүрэгтэй, харин иргэн хуулиар хориглоогүйг хийх эрхтэй гэдгийг цаг ямагт санаж байх учиртайг онцлоод хүний эрхийг хуулиар хязгаарлаж болох боловч тэр нь зөвхөн бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах зайлшгүй шаардлагаас л хийгддэг. Аливаа хэлмэгдүүлэлтээс хүн бүр ангид байх ёстой. Үүний нөгөө талд ял завших байдал хэрхэвч байж болохгүй гэдгийг цохон тэмдэглэсэн юм.
Түүнчлэн Монгол Улс нь Тунхаглалын үзэл баримтлалыг цаг ямагт баримталж ирсэн. Цаашдаа ч хүний эрхийг хамгаалах эрмэлзэл дүүрэн байна гээд дараах амлалтыг өгч байгаагаа уншиж танилцууллаа.
Тухайлбал,
1. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад нэн чухал хууль тогтоомжийг баталж, хяналт тавих, Олон улсын гэрээ, конвенц, гэрээ, фактаар хүлээсэн үүргээ биелүүлж, Хүний эрхийн төлөв байдлын талаар НҮБ-ын Хүний эрхийн хороо, бүтцийн бусад механизмуудад тайлагнахад парламент манлайлж ажиллах
2. Гэрээ, конвенцуудад дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх, олон улсын гэрээний заалтыг шүүн таслах үйл ажиллагаанд хэрэглэх нөхцөлий бүрдүүлэх, олон улсы гэрээний үүрэг, зөвлөмжийн биелэлтийн явцыг УИХ-д тогтмол тайлагнаж, нээлттэй сонсголоор хянан хэлэлцэх
3. Хүний эрхий боловсролыг иргэд, хүүхэд, залуучуудад олгох. Тэдэнд зориулсан сурах бичиг хэвлэх, эрх эдлэгч, үүрэг хүлээгчийг чадавхжуулах сургалт зохион байгуулах, мэдлэгжүүлэх, чадавхжуулах
4. Төрийн албан хаагчдад зориулсан хүний эрхийн гарын авлага гаргаж, хүний эрхийн мэдлэг, мэдрэмжээр шалгаж, гэрчилгээжүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох
5. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын хүрээнд ахмадын эрхийн асуудлаар тусгайлсан баримт бичиг гаргах, уг санаачилгад нэгдэх
6. Хүний эрхийг хангах үндэсний Хөтөлбөр-II батлан хэрэгжүүлэх
7. 2025 онд болох НҮБ-ын 80 жилийг угтаж, 2025 оны НҮБ-ын дүрмийн жил болох
8. НҮБ-ын Хүний эрхийн мэдлэг олгох, чадавхжуулах Ази-Номхон далайн бүсийн төвийг Монгол Улсад байгуулах санаачилга гаргаснаа танилцуулж, дэмжиж ажиллах уриалгыг УИХ-ын гишүүдэд дэвшүүллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан