Монголын нотариатчдын танхимтай гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо
2023.12.11

Монголын нотариатчдын танхимтай гэрээ байгуулан хамтран ажиллахаар боллоо

Нотариатч мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр хуулийн шаардлага хангасан мэдүүлэг, холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн мэдээллийн санд илгээх, бүртгүүлэхэд зуучлах үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргал нар 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Мэдээлэл нийлүүлэх, мэдээлэл авах гэрээнд гарын үсэг зурлаа.

Тус гэрээ байгуулагдсанаар иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээг нотариатч зуучлах бөгөөд иргэд хуурамч баримт бичигт хууртах, залилах гэмт хэргийн золиос болох эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой. Нотариатаар гэрчлэгдэж улсын бүртгэлд бүртгэгдэх гэрээ хэлцэл, тухайлбал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн гэрээг нотариатч дундын мэдээллийн сангаар дамжуулан цахимаар улсын бүртгэлийн байгууллагад илгээж бүртгүүлэх эхлэл тавигдлаа.