2023.11.03

Д.Сарангэрэл: Газар чөлөөлөхдөө өмчийн харилцааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

30 орчим жил ужгирсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг Х.Нямбаатар дарга оруулж ирж байна. Хотын дарга Х.Нямбаатар асуудлыг том жижиг гэлтгүйгээр барьж аваад ард нь гардаг дайчин чанартай. Тэр ч утгаараа хотын хамгийн тулгамдсан асуудлуудыг барьж авч байна. Дэмжиж байна.

Бид тулгамдсан асуудлаар олон статистик, тооцоо, судалгааг ярьдаг. Агаар хөрс орчны бохирдол, нүхэн жорлон 145 мянга гэхчлэн асуудлууд бий. Үүнийг бүх талаас нь шийдэх гээд ороод ирэхээр дэмжихгүй гэх хүн байхгүй биз ээ. Сэлбэ 12 мянган айлын орон сууцжуулна гэж байна. Энэ нь Улаанбаатар хотын залуучуудын хүсэн хүлээсэн асуудал мөн шүү дээ. Түгжрэлийн тухайд "0" зогсолт болчихсон. Жилдээ 47 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна.

Нийтдээ манайд 1.2 сая тээврийн хэрэгсэл байна. Үүний 56 хувь нь Улаанбаатар хотод байна. 1.6 сая хүн нь нийслэл хотод амьдардаг. Нийслэл хотдоо бөөгнөрөөд наашаа ч үгүй таашаа ч үгүй болчихлоо. Үүнийг олон арга хэлбэрээр шийдэх нь тодорхой.

Өмчийн харилцааны тухай асуудал гарна. Газар чөлөөлөлтийг та бүхэн хэрхэн хийх вэ. Учир нь иргэний хүний өмч учир эмзэг асуудал. Үүнийг аль аль талдаа ашигтай байх тухай хэрхэн шийдэх вэ?

Метрогоо хэзээ, хэрхэн байгуулах вэ. Төлөвлөгөөгөө танилцуулна уу. Төлбөртэй бүсийг хэрхэн тодорхойлох вэ. Яармагийн айлуудын асуудал. 4,5,6,7,8 гээд таван хорооны айлуудын асуудлыг хүндрүүлчихсэн. Яармаг дахь айлуудын дахин төлөвлөлтийн асуудалд та бүхэн хэрхэн ажиллаж байна.

Түүний асултад, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан