ХЭҮК-оос "Ажлын байр - бэлгийн дарамтгүй орчин" сарын аянд нэгдэхийг уриалж байна
2023.10.25

ХЭҮК-оос "Ажлын байр - бэлгийн дарамтгүй орчин" сарын аянд нэгдэхийг уриалж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх” иргэний нийгмийн байгууллагуудын эвсэлтэй хамтран НҮБ-ын Хүн Амын сангийн дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг ойлголтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд гомдол гаргаж шийдвэрлүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, ажил олгогчдын Хөдөлмөрийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг сануулах, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагаа явуулах, ажилтнуудад ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "АЖЛЫН БАЙР- БЭЛГИЙН ДАРАМТГҮЙ ОРЧИН” сарын аяныг үндэсний хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд:

Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гомдлоо хэрхэн шийдвэрлэх талаарх ажилтан, албан хаагчдад зориулсан сургалтыг Улаанбаатар хот болон аймаг орон нутаг дахь төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулах

Ажил олгогчдод Хөдөлмөрийн тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийг сануулах, үүргээ биелүүлэхэд нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалтын гарын авлагыг гаргаж түгээх

Ажлын байрны бэлгийн дарамтад холбогдох зөрчлийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлаар хууль, хяналтын байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах

Видео контент бүтээж, түгээх

Иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн зурагт хуудас, зөвлөгөө, мэдээллийг бэлтгэн түгээх

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтад хамруулах, олон нийтэд соён гэгээрүүлэх мэдээ, мэдээлэл, контент бэлтгэж түгээхэд дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Хэрвээ та ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл авах, гарсан зөрчлийн талаар мэдээлж, гомдол гаргах бол ХЭҮК-ын 7000-0222 дугаар болон www.nhrcm.gov.mn хаягаар хандаарай.