Д.Дэлгэрсайхан: "Хуашн" ХХК болон "Аюуд" ХХК хооронд үүссэн асуудлаар УБЕГ-аас нээлттэй сонсгол зохион байгуулна
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан "Хуашн" ХХК, "Аюуд" ХХК хооронд үүссэн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн үед "Хуашн" ХХК болон "Аюуд" ХХК-тай холбоотой олон нийтийн сүлжээгээр ихээхэн мэдээлэл цацагдсан. Дээрх хоёр компанийн асуудал одоогоор шалгагдаж байгаа.
Манай байгууллага хоёр компанийн нууцыг хадгалах үүрэгтэй. Энэ хоёр компанийн бүртгэл манай байгууллагад 2012 оноос хойш хийгдсэн. 2013 онд өмчийн хувиар тохирсон байдаг.
Тус хоёр компани 2015 оны өмчийнхөө хувийг шилжүүлсэн хэлцэл дээр зөвшилцөлд хүрч чадахгүй Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас 1. хяналтын байцаагч, 2. хяналтын улсын ахлах байцаагч, 3. хяналтын газрын дарга, 4. хяналтын ерөнхий байцаагч шалгаж хариу өгөх үүрэгтэй. Одоогоор миний бие энэ асуудлыг удирдан шалгаж байгаа.
Олон нийтийн сүлжээгээр бүх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт байгаа юм шиг ярьж, нийгмийг талцуулж байна. Энэ сарын 15-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас дэмжлэг хүссэн бичиг явуулсан. Үүний хариуд асуудлыг шалгаж сайдад танилцуулах үүрэг өгсөн.
Улсын бүртгэлийн ерөнхий газар хуульд заасан 32 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Аливаа бүртгэлтэй холбоотой асуудлыг хянан шалгах, хуульд нийцүүлэх, түдгэлзүүлэх, өөрчлөн зохион байгуулах эрх надад байгаа.
2015 оны наймдугаар сарын 21-нд хийгдсэн хоёр байгууллагын бүртгэл дэх хэлцлийг талууд зөвшөөрдөггүй. Тус хэлцэлд гарын үсэг зурсан "Хуашн" ХХК-ийн захирал Жандун, "Аюуд" ХХК-ийн захирал н.Бат-Эрдэнэ нар өөрийн биеэр ирж сонсох ажиллагаанд оролцоорой.
Дараа долоо хоногт хоёр компанийн асуудалтай холбоотой сонсох ажиллагаа явуулна. Тус сонсголоор хоёр компанийн асуудалд холбогдох албаны хүмүүс, нотлох баримтыг бүгдийг нь дэлгэх болно. Мөн хоёр нэвтрүүлэг хийсэн сэтгүүлч н.Батбилэг, н.Будрагчаа нарыг сонсголд оролцуулна" хэмээн ярилаа.