Д.Дэлгэрсайхан: Улсын бүртгэлийн байгууллагын бүх үйлчилгээг цахимд шилжүүлэх боломжгүй
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан “Eagle news” телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Улсын бүртгэлийн байгууллага нийт нь хэдэн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг вэ. Зарим төв цэгт их дараалалтай байдаг бол зарим газар харьцангуй гайгүй байдаг шиг санагдсан.
Улсын бүртгэлийн байгууллага нь үйлчилгээний нэлээн томоохон байгууллагад тооцогддог. Хуулиар 32, задарвал 115 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Тухайлбал, иргэдийн хамгийн сайн мэддэг суурь бүртгэлүүд манайд байдаг.
Манай байгууллага нь иргэдэд үйлчилгээ үзүүлэх төвүүдийг шинээр байгуулах, үйлчилгээ авахад тулгардаг асуудлуудыг халах тал дээр хичээнгүйлэн ажиллаж байна. Зарим нэг мэдээллийг олон нийтэд дутуу хүргэж байгаа асуудал бий. Тодруулбал, нийслэлийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой 26 цэг байгаа ч иргэд сайн мэдээлэлгүй байгаагийн улмаас Дүнжингарав дахь худалдааны төвийн цэгт ихээр ирдэг. Уг худалдааны төвийн цэгт өдөрт нэг бүртгэгч 140-150 үйлчилгээг үзүүлдэг бол бусад цэгүүд дээр нэг бүртгэгч 20 хүнд үйлчилгээ үзүүлдэг гэсэн тооцоолол гарсан.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх ямар гарц, гаргалгаа бий вэ.
Нийслэлд улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлдэг маш олон төв цэгийг бий болгох хэрэгтэй. Тухайлбал, нэг дүүрэг дээр дөрвөөс таван төв цэг байгуулъя. Байгуулсан төвүүд дээр яг Дүнжингарав худалдааны төвийнх шиг үйлчилгээ үзүүлж ажиллая гэсэн бодлого барьж байгаа. Ингэснээр иргэд өөрт ойр байрлах цэгээс үйлчилгээ авах боломж бүрдэнэ.
Ер нь иргэд гадаад паспорт гаргаж байгаа төв цэгүүдийг мэдэхгүй Дүнжингарав худалдааны төв рүү яваад байна.
Үндсэндээ үйлчилгээ үзүүлэх 26 төв цэг байгуулсан. Энэ есдүгээр сардаа багтаж хоёр төв цэг дахин нэмнэ. Одоо байгаа 26 төв цэгт өдөрт 5000 гаруй бүртгэл хийж байна. Энэ нь орон нутгийн бүртгэлийг оруулаагүй тоо.
Шинээр баригдсан төв цэгт ажиллах хүчээ хэрхэн шийдвэрлэх вэ.
Манай байгууллага нь тодорхой хязгаарлагдмал нөөцтэй байгууллага. Төв болгон дээр техник, хүн хүч нэмээд байх боломжгүй. Иймээс бүтцийн хувьд өөрчлөлт хийсэн. Хууль зүй дотоод хэргийн яам, Засгийн газар дэмжээд Улсын бүртгэлийн байгууллагын бүтцийг өөрчилж өгсөн.
Өмнө нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга тухайн хороо, суманд бүртгэгч томилж ажиллуулдаг байсан. Бид өнөөдөр бага ачаалалтай, ашиггүй ажиллаж байгаа цэгүүдийн ажилчдыг ачаалалтай цэгүүд рүү шилжүүлж, ажиллуулах зохицуулалт хийж байна.
Мөн төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар бий. Уг газар нь "Хурдан" түц байгуулаад ажиллаж байна. Манай байгууллага уг түцийг ашиглаж үйлчилгээгээ явуулна. Саяхан 17 "Хурдан" түц дээр бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон. Жишээлбэл, Улаанбаатар их дэлгүүр дээр тус түц ажиллаж байгаа бөгөөд тэнд гадаад паспортаа захиалах боломжтой болно.
Төрийн үйлчилгээнүүд цахимд шилжиж байгаа ч Улсын бүртгэлийн байгууллагын зарим бүртгэл нь цахимд шилжихгүй байна гэх асуудлыг иргэд илэрхийлж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй хариулж өгнө үү?
Манай байгууллага еmongolia системд 90 төрлийн үйлчилгээг цахимжуулсан. Мөн цахим гадаад паспорт нэвтрүүлээд өнөөдрийн байдлаар 190 мянга гаруйг олгосон байна. Жилд гадаад паспорт дунджаар 360 мянга орчмыг олгодог байсан бол нийт 440 мянгыг олгосон байна.
Цахимаар үзүүлж болох үйлчилгээ, үзүүлж болохгүй үйлчилгээ бий. Тухайлбал, гэрлэлт бүртгэх, Монгол Улсын иргэн харьяатаас гарсан, эргээд харьяат болсон гэдэг бүртгэлийг зайлшгүй цэг дээр биеэрээ ирэх ёстой. Түүнчлэн олон хоригийн асуудал бий. Цахимаар үйлчилгээ үзүүлэх боломжгүй зайлшгүй нотлох баримтыг нь үзэх ёстой байдаг. Ийм онцлог бий болохоор зарим үйлчилгээг 100 хувь цахимаар, зармыг нь 100 хувь цахимаар үйлчилгээ үзүүлэх боломжгүй.
Бүх цэг нэг стандарттай болсон. Тодруулбал, гадаад паспорт захиалах гэж байгаа хүн ямар ч газрын зурагчин дээр очоод зургаа авхуулаад манай цахим хуудас руу илгээх боломжтой. Уг зураг нь бүртгэгчдэд хүрээд ирнэ. Мөн флашаа авч ирээд киоск машинд холбон зургаа илгээх боломжтой. Гуравдугаар цэгүүд дээр зураг авч байна.
Ажлын өдрүүдэд үйлчилгээ авдаг байсан бол одоо амралтын өдрүүдэд үйлчилгээ авах боломжийг зарим цэгүүд дээр нээж байгаа гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
Буянт-Ухаа цэг дээр өнгөрсөн хагас сайн өдөр ажилласан. Ер нь амралтын өдөр ажиллуулж туршъя гэж үзсэн. Тэгэхэд тухайн өдөр нийт 90 үйлчилгээг иргэд авснаас 66 нь иргэний бүртгэлийнх, 6 хуулийн этгээд, бусад нь эд хөрөнгөтэй холбоотой үйлчилгээ авсан. Амралтын өдөр ажиллуулахад туршилт эерэг үр дүнтэй гарсан гэсэн үг. Есдүгээр сарын 25 дотор Сүхбаатар дүүрэг дээр нэг төв байгуулна. Уг төвийг хагас сайн өдөр ажиллуулахаар төлөвлөж байгаа.