“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-г тусгай сангаас хасна
2023.09.20

“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-г тусгай сангаас хасна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны есдүгээр сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцээд холбогдох журмыг шинэчлэн баталлаа. Монгол Улсад 2001 онд уг санг байгуулсан байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тус сангийн хөрөнгийг төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэхэд зарцуулахаар заасан байдаг байна. Үүнийг боловсронгуй болгох хүрээнд холбогдох өөрчлөлтийг орууллаа.

“Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-гийн үйл ажиллагааг одоогийн хууль, эрх зүйн орчны дагуу энэ зарчмаар үргэлжлүүлэх нь эдийн засгийн хувьд ихээхэн алдагдалтай, үр ашиггүй хөрөнгө оруулалт болох, дэд бүтэц байгуулсан цэгт тогтмол хүн ам суурьшдаггүйгээс хаягдмал байдалд хүргэх эрсдэлтэй тулгарчээ. Бодит нөхцөл байдалд нийцүүлж Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-г тусгай сангаас хасах, тус сангаас хөрөнгө зарцуулах үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийн оролцоог дэмжиж, зохион байгуулалтыг өөрчлөх, менежментийг сайжруулах шаардлагатай гэж үзсэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны саналыг дэмжлээ.