ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Андреас Ларемыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг болон тус бүлгийн Дэд дарга Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар өнөөдөр (2023.09.14) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтэй харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар болон албаны бусад хүмүүс оролцов.
Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг, Монгол, Германы харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн эдийн засаг зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд амжилттай өргөжиж байна. Ирэх онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр талууд тохирсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн юм. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд парламентын харилцаа, тэр дундаа парламентын найрамдлын бүлгүүдийн нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэлээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем Монгол Улсын Их Хурал нь ардчиллын үнэт зүйлийг бататган бэхжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж байгааг тэмдэглээд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлж, цаашид улам бүр өргөжүүлэн бэхжүүлэх талаар байр сууриа илэрхийлэв.
Уулзалтаар талууд худалдаа, эдийн засаг, эрчим хүч, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хүний эрхийн хамгаалах, парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо.
Хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль тогтоох дээд байгууллага, Парламент дахь найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэхийг талууд санал нэгтэй илэрхийлсэн.
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг хэлсэн үгэндээ, Монгол Улсад 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн улс төр, эдийн засаг, нийгмийн ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үйл явцыг Фрийдрих-Эбертийн сан эхнээс нь тууштай дэмжиж ирснийг онцлоод парламентын ардчиллын бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж, иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.