ШУТИС-ийн "Нэхмэлийн үйлдвэрийн технологи" хөтөлбөрөөр суралцагч 26 оюутанд сургалтын тэтгэлэг олгов
2023.09.15

ШУТИС-ийн "Нэхмэлийн үйлдвэрийн технологи" хөтөлбөрөөр суралцагч 26 оюутанд сургалтын тэтгэлэг олгов

Уул уурхайн бус экспортын голлох бүтээгдэхүүн бол ноос, ноолууран бүтээгдэхүүн юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, тэднийг олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэх, техникийн зохицуулалт хийх замаар боловсруулалтын түвшнийг ахиулах, тоног төхөөрөмжийг импортын гаалийн татвараас хөнгөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Үүний үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэл, экспорт жилээс жилд нэмэгдэж байгаа юм.

Ноос, ноолуурын салбар хурдацтай хөгжихийн хэрээр хөдөлмөрийн зах зээлд текстилийн үйлдвэрлэлийн технологич инженер, текстилийн хими технологич, механик инженер, нэхэх сүлжих автомат машины программист зэрэг нарийн мэргэжлийн 250 гаруй ажлын байрны эрэлт үүссэн.

Энэхүү эрэлтийг шийдвэрлэх хүрээнд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, олон улсын байгууллага, ноос ноолуурын салбарын үйлдвэрүүдтэй хамтран шинээр элсэгч оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хамруулах ажлыг сүүлийн 4-5 жилд амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Европын Холбооны санхүүжилттэй "Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Монголын тогтвортой ноолуурын платформ" төслүүдээс санхүүжүүлэн 2023-2024 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуульд "Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи" бакалаврын хөтөлбөрийн 13 оюутан, магистрын хөтөлбөрийн 3 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.

Мөн Монголын ноос, ноолуурын томоохон үйлдвэрүүд, тухайлбал Говь ХК, Кашмер холдинг ХХК, Блю скай кашемир ХХК, Гоёл кашмер ХХК-ууд ШУТИС-тай хамтран өөрсдийн үйлдвэрийн шилдэг ажиллагсдаасаа инженер техникийн ажилтан бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, ШУТИС-ийн “Нэхмэлийн үйлдвэрийн технологи” хөтөлбөрийн оройн ангид элсэн суралцаж буй 10 оюутанд тэтгэлэг гардууллаа.