ЦХХХЯ: Зөвшөөрлийг цахимжуулах үйл ажиллагааг эрчимжүүлнэ
Үйлчилгээ эрхлэгч иргэдэд дарамт учруулдаг, зардал чирэгдэл болдог байдлыг халж аливаа зөвшөөрлийг хуулийн хүрээнд цахим хэлбэрээр олгох технологийн болон хууль эрхзүйн орчин бүрдүүлэх нь хүнд суртлыг халах, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой.
Өнөөдөр /2023.08.29/ ЦХХХЯ-нд зохион байгуулагдсан сайдын шуурхай хуралд хэлэлцэгдсэн онцлох асуудал нь Зөвшөөрлийг цахимаар олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай байлаа.
Зөвшөөрлийн нэгдсэн сан байгуулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 15, Барилга, хот байгуулалтын яамны 6, Батлан хамгаалах яамны 11, Боловсрол, шинжлэх ухааны яамны 26, Зам, тээврийн хөгжлийн яамны 26, Иргэний нисэхийн ерөнхий газрын 5, Монголбанкны 58, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 81, Соёлын яамны 1, Харилцаа холбооны зохицуулах хорооны 14, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 1, Хууль зүй, дотоод хэргийн яамны 5, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 20, Эрчим хүчний зохицуулах хорооны 55, Эрчим хүчний яамны 6, Санхүүгийн зохицуулах хорооны 67 төрлийн зөвшөөрлийг нийт 20,316 зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд олгосон мэдээллийг www.license.mn цахим хуудаст бүртгэн оруулсан байна.
Мөн бүрэн цахим хэлбэрт шилжсэн Сангийн яамнаас олгох 7, Гаалийн ерөнхий газраас олгох 9, УУХҮЯ-наас олгох 10, нийт 26 тусгай зөвшөөрлийг цахим системээр дамжуулж хүсэлт гарган авах боломжтой бол “И-Монгол”, “И-Бизнес” системээр дамжуулан 5 тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр тус тус олгож байна.
Зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх талаар ЦХХХЯ тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн зөвшөөрөл тус бүрээр судалгаа хийхэд нийт 249 тусгай зөвшөөрлөөс 21 тусгай зөвшөөрлийг цахимжуулах боломжгүй бөгөөд бусад зөвшөөрлийг цахимжуулах ажлыг “И-Монгол академи” УТҮГ, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-тай хамтран нэвтрүүлэхээр холбогдох ажлыг зохион байгуулж байна.