Старлинк-д радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгожээ
2023.07.06

Старлинк-д радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгожээ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Старлинк сервисес Монголиа” компанид Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх болон Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгож, өнөөдөр /2023.07.06/ гэрчилгээг гардууллаа.

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Бид салбарын бизнесийн бодлогын орчинд салхи оруулж, олон улсын хөрөнгө оруулалт, ноу хауг нэвтрүүлэх боломжийг нээж, иргэд, бизнесийн байгууллагуудад харилцаа холбооны шударга, тэнцвэртэй шийдлийг хүргэхээр ажиллаж байна. Бодлого, зохицуулалтын орчин тодорхой болсонтой холбогдуулан энэ салбарын бизнесүүд үйл ажиллагаа явуулахад саадгүй болж, улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, ногоон технологи, сансар, мэдээллийн технологийн чиглэлээр санал солилцсон.

Удалгүй Starlink Service Mongolia ХХК нь 2023 оны 6 дугаар сард ХХЗХ-д Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон сансрын үйлчилгээнд KU зурвасын радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг гаргасан бөгөөд ХХЗХ нь хуулийн хугацаанд үнэлгээг хийж 2023 оны 7-р сарын 4-ний хорооны хуралдаанаар 2 тусгай зөвшөөрлийг олгох шийдвэрийг гаргалаа. Ийнхүү Старлинк нам орбитын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг эрхлэгчдээс хамгийн түрүүнд Монгол Улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэхэд бэлэн боллоо. Монгол орны хаанаас ч өндөр хурдны интернэтэд шууд холбогдох боломж бий болж байгаад нийт иргэдийнхээ өмнөөс маш их баяртай байна гэв.

Старлинк компанийн Ази номхон далайн бүсийн тусгай зөвшөөрөл болон зах зээл хариуцсан менежер Шарон Занг, Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхээ гардан авлаа. Монгол Улсын Засгийн газар, ЦХХХ-ны сайд Н.Учралын зүгээс манайх шиг ийм компаниудад нээлттэй бизнес эрхлэх, зохистой орчинг нь бүрдүүлэхэд хурдтай, шуурхай ажилласан талархалтай байна. Мөн ХХЗХ-ныхонд баярлаж байгаагаа илэрхийлье. Бид Монгол улсын иргэдэд өндөр хурдны интернэтийн чанартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллана гэдгээ амлаж байна гэлээ.

Тус компани нь USA, Canada, United Kingdom, Germany, New Zealand, Australia зэрэг 50 гаруй улсад үйлчилгээгээ нэвтрүүлж, 4000 гаран хиймэл дагуулыг хөөргөн, дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгоод байна.