2023.08.23

Х.Ганхуяг: Хамгийн сайн сургууль бол гэртэйгээ ойрхон сургууль

“Хамран сургах тойрог гэж хачин юм яриад, сайн сургуульд хүүхдээ өгөх нь хүний эрх” гэдэг хүмүүс бишгүй л бий. Гэхдээ “хамран сургах тойрог” гэдэг үгийн цаана та бидний амьдрал, ажилд олон асуудлыг шийдэх гаргалгаа байдаг. Тухайлбал, хичээл эхлэхээр нийслэлийн замын түгжрэл эрс нэмэгдэж, аппликейшн дээрх замууд нь улааж, тэг зогсолт хийдэг шүү дээ. Гэрээсээ хол сургуульд явдаг хүүхдүүд замын хөдөлгөөнд олон оролцож, осол аюулд өртөх нь ч бий. Бага ангийн хүүхдээ хол сургууль руу нь зөөх гэж эцэг эхчүүд ажлаа алдах нь цөөнгүй. Ингээд бодохоор гэртэйгээ ойр сургуультай байх нь тухайн гэр бүлд ямар олон асуудлыг шийдэж байгааг надаар хэлүүлэлтгүй та ойлгож байгаа биз. 

УИХ-д нийслэлийн төвийн 6 дүүргээс сонгогдсон гишүүдийн хамгийн тэргүүнд тойрогтоо шийдэх ёстой асуудал бол сургууль, цэцэрлэгийн барилгыг олноор барих, хүртээмжийг нэмэгдүүлэх нь бүх ажлуудаас нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Улаанбаатар хотын төвийн дүүрэг болох Баянгол дүүрэг хэт их барилгажсан хэрнээ сургууль цэцэрлэгийн хүртээмж муу. Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг гишүүний бүрэн эрхийн хүрээнд, хороо, дүүргийн дарга нар төдийгүй иргэдтэйгээ хамт санаа нэгдээд иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудал бүрт өөрөө хамтраад, ханцуй шамлаад орчихдог нь олзуурхууштай. 

Түүний энэ зан иргэдийн шаардлага, хорооны даргын хүсэлттэй хавсраад ажил хэрэг болж байна. БГД-ийн 24-р хороонд байрлах Алтай хотхон баригдаад 15 жил болсон. “Тайгам Алтай” компани энд нийт 21 ширхэг блок орон сууцыг ширэнгэ шиг өрсөн мөртлөө нэг ч сургууль, цэцэрлэг бариагүй. Алтай хотхонд 16 мянган айлын 3331 хүүхэд сургууль, цэцэрлэгийн насных бий. Тэд бүгд хорооллоосоо гадуур сургууль цэцэрлэгт хамрагдаж байсан. Алтай хотхонд 21 блок барилга гэхээр бараг 7 сургууль, цэцэрлэг баригдчихсан байх ёстой. Харамсалтай нь нэг ч цэцэрлэг, сургууль бариагүй энэ олон жил болжээ. 

Х.Ганхуяг УИХ-ын гишүүн

“Нийлэл хотод томоохон хотхон, хороолол, орон сууц барих ашиглалтад оруулах процессыг хуульчлах шаардлага үүссэн. Магадгүй энэ хэвээр удаан явбал улам л байдал хүндэрнэ. Эхлээд ногоон байгууламж, хүүхдийн талбай, явган зам болон авто зогсоол, сургууль, цэцэрлэг, ус зайлуулах шугам гээд бүхий л шаардлагатай тохижилтоо бий болгож байж орон сууцаа барьдаг болох нь зүйтэй. Алтай хотхон гэхэд л 16 мянган оршин суугчтай ч сургууль, цэцэрлэггүй 10 гаруй жил болсон. Гишүүн болсон цагаас л тус хотхонд сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхээр Боловсролын сайд, Хотын удирдлага, Тайгам алтай ХХК-ийн удирдлага гээд олон талуудтай уулзалт хийсээр одоо л асуудлыг шийдэж үр дүнд хүрч байна. Цаашид бид ийм байдлаар явах биш анхнаас нь шаардлагатай тохижилтыг компаниуд хийж гүйцэтгээд дараа нь орон сууцаа барьдаг болгох хэрэгтэй.”

“Чам шиг нэг муу хороон дарга надтай харьцахгүй шүү, миний өрөөнөөс гар чи” гэж “Тайгам Алтай” компанийн захирлын өрөөнөөс олон удаа хөөгдөөд гарч байсан тус хорооны дарга, 16 мянган өрхийн иргэд сонгосон төрийн түшээдээ хандсанаар энэ жил Алтай хотхоны хүүхдүүд хороолол дотроо бага сургуульд хамрагдах боломжтой боллоо. 2023-2024 оны хичээлийн жилийн 1-5 дугаар ангийн сурагчдын бүртгэл явагдаж байна.

Б.Дуламрагчаа БГД-ийн 24-р хорооны Засаг дарга

“Уг нь дөрвөн ширхэг блок орон сууц барьсан бол нэг сургууль, нэг цэцэрлэг барих ёстой юм билээ. Алтай хотхонд 21 блок барилга гэхээр бараг 7 сургууль цэцэрлэг баригдчихсан байх ёстой. Гэтэл компаниуд ашгаа л бодохоос биш тэр хотхонд нь амьдрах хүмүүс, хүүхдийн эрхийг бол огт ухамсарладаггүй юм байна. Барилгын компани авч хэлэлцэхгүй болохоор нь гишүүдэд бичиг сачиг явуулж, утасдсан. Саяхан харин тойргоос сонгогдсон Х.Ганхуяг гишүүн манай хорооны 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн сургуулийг нааштайгаар шийдвэрлээд, одоо сургуулийн бүртгэл явагдаж байна. Цэцэрлэг ч мөн түр хугацаанд шийдэгдсэн.”

Энэ хичээлийн жилд БШУ-ын сайдын тушаалаар Алтай хотхон доторх Коёо тауны байрыг түрээслэн бага сургуулийн зориулалтаар ашиглах шийдвэр гарсан. Алтай хотхоны 1-5 дугаар ангийн хүүхдүүд энд суралцах юм. Бүртгэл энэ сарын 18-аас эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 25 хүртэл үргэлжилнэ.