Говьсүмбэр аймаг дахь 425 дугаар нээлттэй хорих ангид хяналт, шалгалт хийлээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй хорих ангид 2023 оны наймдугаар сарын 18, 19-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтын зорилго нь тус хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын Монгол улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр батаалгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилт хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг арилгуулах, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, хүний эрхийг хамгаалахад оршиж буй юм.
Хяналт шалгалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний баталсан удирдамжийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус хорих ангийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, үзлэг хийн, баримт бичигт дүн шинжилгээ хийх, шаардлагатай тохиолдолд хуулбарлан авах, хоригдогч нартай ганцаарчилсан ярилцлага хийх, холбогдох албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах зэрэг аргачлалаар явууллаа.
Хянлт шалгалтаар хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрх, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах эрх, эрүү шүүлтээс ангид байх эрх, гадаад орчинтой харилцах эрх, гомдол мэдээлэл гаргах, шийдвэрлэх эрх, хоригдлыг нийгэмшүүлэх ажил, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, эргэлт уулзалт авах болон хугацаанаас өмнө тэнсэн суллагдах эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.