Сүхбаатар дүүргийн үерт автсан байруудыг цахилгаанд бүрэн холболоо
2023.07.11

Сүхбаатар дүүргийн үерт автсан байруудыг цахилгаанд бүрэн холболоо

Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгах, барилга, байгууламжийг цахилгаан, усан хангамжид холбох ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ гол орчмын үерт автсан байршилд ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны үерт автсан долоон байранд хатаалга хийж байгаа бөгөөд тухайн байрнуудын доороос ус нэвчиж буй тул цахилгаанд холбоход хүндрэлтэй байгаа юм. Мөн 15 байрыг цахилгаан, эрчим хүчээр хангасан бол хоёр байрны цахилгааныг залгахад бэлэн болоод буй. Харин Сүхбаатар дүүрэгт үерт автаад байсан бүх байрыг цахилгаанд холбож дуусжээ. Цахилгаанд холбосны дараагаар хэрэглээний усаар хангах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан “Айлууд эзгүй байгаа тул цахилгааныг одоо залгуулахгүй гэсэн хүсэлт хоёр байрны СӨХ-ноос ирсэн” хэмээв.

Мөн оршин суугчдын төлөөлөл “Энэ орчмын оршин суугч, иргэдийг орчноо цэвэрлэхэд уриалж байгаа ч огт гарч ирдэггүй” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар цахилгаанд холбосны дараах ажлуудыг гүйцэтгэхдээ аюулгүй байдлыг хангаж, аюулгүйн заавар, зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэйг онцолсон юм.