Авто зам, замын байгууламжийн ажлуудыг хугацаанд нь дуусгана
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах шуурхай удирдлагын багийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн авто зам, замын байгууламж барьж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд шинээр авто зам, замын байгууламж барих найман төсөл хэрэгжиж байна.
Төсөл гүйцэтгэгчдэд газар чөлөөлөлт, түүнд шаардагдах санхүүжилт, трасст өртсөн шугам сүлжээ, худгийг нүүлгэн шилжүүлэх зэрэг нийтлэг асуудал тулгамдаж байгааг онцолж байв. Мөн гүйцэтгэж буй замын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаар төлөвлөн ажиллацгааж буйгаа онцолсон юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:
-Төрийн зүгээс санхүүжилт олгох, газар чөлөөлөх зэрэг хүлээсэн үүргээ гүйцэтгэн ажиллана. Мөн төслийн үйл явцад тогтмол хяналт тавих болно. Ингэснээр тулгамдаж буй асуудлыг шуурхай хэлэлцэж, шийдвэрлэх, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх боломжтой. Тиймээс төсөл гүйцэтгэгчид ажлаа удаашруулалгүй, төлөвлөсөн цагтаа багтаан дуусгах хэрэгтэй. Бидний зүгээс Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг батлахаас өмнө шаардлагатай санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх болно хэмээлээ.