2023.06.29

Ж.Бат-Эрдэнэ: Агаарын нислэгийн навигацийн орлогыг аюулгүй байдлыг хангах ажилд зарцуулахыг шаардаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Үүн дээр төсөвтэй холбоотой үйл ажиллагаа орж ирж байгаа юм. Нисэхийн салбарт хоёрхон үйлчилгээний хураамж бий. Нэг нь аюулгүй байдлаа хангуулж, үйлчилгээ үзүүлснийхээ хүрээнд зорчигчоос авч байгаа такс. Нөгөө нь агаарын навигацийн үйлчилгээ үзүүлж буй хураамж.

Агаарын навигацийн хураамжийг орж ирсэн төсөлдөө тодорхой хувийг тодорхой хугацааны дотор улсын төсөвт хураан авна гэсэн заалт байсныг нь үндсэндээ хасаж байгаа. Учир нь ОУ-ын иргэний нисэхийн байгууллагаас тавьж буй шаардлага нь нисэхийн конвенцынхоо дагуу үйлчилгээг зөвхөн аюулгүй байдлыг хангах хүрээнд үйлчилгээ үзүүлнэ. Түүнээсээ тоорхой хэмжээний шимтгэл авна.

Авсан мөнгөө зөвхөн аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг сайжруулах, үйлчилгээгээ нэмэгдүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн заалт байгаа юм. Эдийн засгийн байнгын хороон дээр унасан саналыг босгож өгнө үү.