“Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-г мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгох зохицуулалт оруулна
2023.06.20

“Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-г мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгох зохицуулалт оруулна

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өнөөдөр (2023.06.19) мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3.1.1-д "мал эмнэлгийн гэрчилгээ" гэж экспортлогдож буй амьтан, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжид заасан тодорхой нөхцөл шаардлагыг хангаж байгааг гэрчлэн экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон баталгаажуулалтын баримт бичгийг ойлгохоор заасан. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31.5-д “Монгол Улсын хилээр нэвтрүүлэх мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь эрүүл мэндийн болон эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг улсын хэмжээнд мал эмнэлгийн салбарын ерөнхий байцаагч, аймаг, нийслэлд салбарын ерөнхий байцаагчийн зөвшөөрснөөр мал эмнэлгийн улсын ахлах байцаагч, улсын байцаагч баталгаажуулан олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгоно.” гэж заасны дагуу Мал эмнэлгийн ерөнхий газар олгож байна.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т экспортын гэрчилгээг мэргэжлийн байгууллага олгохоор заасан хэдий ч мэргэжлийн байгууллага болох мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагаас гадна гаалийн байгууллага нь мал эмнэлгийн олон улсын гэрчилгээтэй адил агуулга бүхий экспортын гэрчилгээ /Мал эмнэлэг, эрүүл ахуйн гэрчилгээ/-г давхар олгож байгаа юм. Тухайлбал, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газар нь 2021 онд 1780, 2022 онд 1793 мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ олгожээ. Мөн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага болон гаалийн байгууллагаас 2020 онд 1671, 2021 онд 1852, 2022 онд 3333 мал эмнэлэг, эрүүл ахуйн гэрчилгээ /экспортын гэрчилгээ/-г тус тус олгосон байна.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 11.5-д олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгохоор заасантай нийцүүлэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тодруулбал, цаашид “олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ”-г мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгож байх зохицуулалтыг тусгажээ.

Мөн гаалийн болон мэргэжлийн байгууллагын дундын мэдээллийн цахим санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, мэдээлэл дамжуулах, хэрэглэхтэй холбоотой зохицуулалт, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой төрийн байгууллагуудын эрх, үүргийг нарийвчлан тусгасан байна.