БЗД-ийн 11-р хороонд хоёр төсөл хэрэгжүүлнэ
2023.06.19

БЗД-ийн 11-р хороонд хоёр төсөл хэрэгжүүлнэ

БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр "Хөгжлийн зураглал-2030" бодлогын баримт бичигт туссан зорилт, ажлыг үр дүнд хүргэхийн тулд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, эрдэмтэн судлаач нарын хамт тодорхой байршилд ажиллаж, зарим шийдвэрийг гаргасан байна.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 11-р хороонд “Үйлдвэрлэл инновацын төв төсөл”, болон “Ногоон эко парк” төслийг хэрэгжүүлэхээр болж, урьдчилсан байдлаар техник, эдийн засгийн төлөвлөлт нь гарчээ.

“Ногоон эко парк” нь эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж дүүргийн төрийн худалдан авалтын сүлжээ буюу ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол, цэцэрлэг, эмнэлэг, сувилалд нийлүүлэх, дүүргийн хүнсний брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, дүүрэг, нийслэлийн хэмжээнд борлуулах, цаашлаад экспорт хийх зорилготой аж.

Харин “Үйлдвэрлэл инновацын төв төсөл” нь шинэ, дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд ээлтэй, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, шинжлэх ухааны академи, шинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, туршилт судалгааны төвийг бий болгох, төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулж жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой гэнэ.

Мөн Оргидгийн рашаан буюу Бумбатын толгойгоос эх авдаг, "Ходоодны рашаан"-ыг орон нутгийн хэрэгцээнд авахаар болжээ.

Ингэснээр “Буяны далай дэлгэрүүлэгч төв” Төрийн бус байгууллага, нутгийн иргэд хамтран тухайн ойр орчмыг тохижуулах, хамгаалалтын асуудлыг шийдэх үүднээс тодорхой ажил зохион байгуулах боломжтой болсон байна.