2023.06.12
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагаанд Филиппин улс Монгол Улсын сайн туршлагаас хуваалцав
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Бүгд Найрамдах Филиппин Улсын Хүний Эрхийн Комиссын хүсэлтээр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны эрх зүйн орчин бий болгох, байгуулахад анхаарах асуудал, ололт амжилт, сорилт бэрхшээлээс туршлага солилцох цахим уулзалтыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Бүгд Найрамдах Филиппин Улс нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны тухай хуулийн төслийг батлахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хүрээнд бусад орны туршлагыг судалж буй юм.
Тус уулзалтад Комиссын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Б.Энхболд, Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн оролцож, Монгол Улс дахь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааны эрх зүйн орчныг тодорхойлж байгуулах, чиг үүргийг хэрэгжүүлэх, хараат бус байдлыг хангахад гарсан ололт, амжилт, цаашлаад үйл ажиллагаанд тулгарсан сорилт бэрхшээлийн талаар мэдээлэл өгч, туршлага солилцов.