Ү.Оюунзул: Бусдын төлөө ажиллах үеэс эхэлсэн амьдрал илүү утга учиртай болдог
Хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзулыг урьж ярилцлаа. Түүний хувьд мод тарих, арчлах, хайрлах үзлийг нийгэмдээ түгээж, нийслэлийн иргэдийн тоотой тэнцэхүйц мод тарих зорилго тавин ажиллаж байна. Түүнтэй бид улс төр дахь эмэгтэйчүүдийг оролцоо, гэр бүлийн үнэ цэн, мод тарих аргачлал зэрэг олон сэдвээр ярилцлаа.
Ү.Оюунзул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй ажил, амьдралаа холбоод, долоон жил гаруй хугацаа өнгөрчээ. Тэрээр 2016-2018 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орлогч даргаар ажиллаж байсан. 2020 онд даргаар нь томилогдож, гурав дахь жилдээ удирдаж байгаа аж.
“ГЭР БҮЛИЙНХНИЙХЭЭ ОРОН ЗАЙГ НЬ ХҮНДЭЛЖ, ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ”
Тэрээр “Би аав, ээж, дүү, хүүтэйгээ амьдардаг. Зөвхөн ажил гээд яваад байж болохгүй. Амьдралыг ширээтэй зүйрлэвэл, дөрвөн хөлийн нэг нь гэр бүл, нэг нь хувь хүний өөрийнх нь хөгжил, эрүүл мэнд, эдийн засаг, санхүү гээд олон зүйл ширээний хөл шиг тэнцвэртэй байж бидний амьдрал тэнцвэртэй байх юм болов уу гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Нэг зүйлийг онцлоод хэлэхэд, бид хайртай дотнын хүмүүс, гэр бүлийнхнийхээ орон зайг их хүндлэх ёстой юм байна. Бидний аав, ээжид өөрийн гэсэн бодол бий. Яг энэ цаг хугацаа, насанд нь бодогдож байгаа зорилго, мөрөөдөл гэж бий. Миний хүүд, дүүд ч ийм зүйлс байгаа учраас орон зайг нь хүндлэх хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө зорилго, мөрөөдөл, ажлыг чухалчилж “Би л үүнийг хийх ёстой, надад энэ цаг хугацаа чухал” гэдэг хандлагаар бус тухайн хүмүүсийн орон зайг хүндлэх ёстой.
Миний хүү тоглоомд нь хүрэхэд дургүй. Дураараа өөрчлөхөд, гэрээ цэвэрлэх нэрээр тоглоомынх нь байрыг өөрчлөхөд дургүйцдэг. Бидний хувьд ажил чухал гэдэг шиг тэр хүүхдийн хувьд тоглоом нь чухал. Бид хүүхдийнхээ чухал орон зай руу асуухгүйгээр нэвтэрч болохгүй. Бид хүндлэх ёстой. Миний өнөөдрийн хурал, уулзалт чухал гэж ханддаг нь маш буруу юм гэдгийг нэлээн эргэцүүлж бодож эхэлж байна” гэж гэр бүлийнхнийхээ орон зайг нь хүндэлж, нэгэндээ хүндэтгэлтэй хандах ёстой талаар хуваалцсан юм.
“Миний хүү дөрвөн настай байхад нь би жаахан сэтгэлээр унаад, цонхоор хараад, 5-10 минут суусан юм. Араас ирж, нуруунаас тэврээд “Ээж ээ, яасан бэ, юу болсон бэ, хүүдээ хэлээч, хүү нь яах вэ” гэж байсан. Би яг тэр үед “Миний хүү хэчнээн жаахан ч гэсэн эр хүн юм байна”. Ээжийгээ ойлгох гээд байна шүү дээ. Тэр мэдрэмжийг авах надад маш гоё байсан. Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн хамгийн үнэ цэнтэй зүйл бол миний хүү. Үүнийг би хаана ч хэлнэ” гэж өөрийн хамгийн нандин мэдрэмжээ ярьсан юм.
“ОЛОН НИЙТИЙН АЖИЛ ХИЙЖ, ЮУТАЙ Ч ЗҮЙРЛЭШГҮЙ ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛСАН”
Ү.Оюунзул нь үндсэн ажлаас гадна улс төрд ихээхэн оролцоотой нэгэн. Тэр НИТХ-д Баянзүрх дүүргээс сонгогдсон төлөөлөгч юм. Түүний хувьд их сургуулиа төгсөөд шууд олон нийтийн байгууллага руу тэр дундаа намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж эхэлсэн аж.
Тэрээр “Эмэгтэйчүүдийн, сургалтын байгууллага гээд ажиллаж байсан салбарууд маань олон. Нэмээд энэ чиглэлээр Монгол улсаа бүтэн дөрвөн удаа тойрсон. Одоо тав дахь удаагаа тойрч байна. Энэ хугацаанд би маш их зүйлийг сурсан. Танилын хүрээ маань тэлсэн. Хувь хүн маань маш их хөгжсөн. Энэ нь юутай ч зүйрлэшгүй хөрөнгө юм. Миний хөгжил, сурсан, мэдсэн зүйл, ухаарч, ойлгосон зүйлс гэдэг миний хувьд маш чухал хөрөнгө, капитал юм. Үүнийг магадгүй би мундаг сургуульд сураад, их ном уншаад, ямар их мэдээлэл аваад ч ойлгож чадахгүй зүйлийг практик дээр өөрийнхөө биеэр мэдэрсэн. Үүнийг би их олзуурхаж хардаг” гэв.
ЯРЬДАГ БИШ ХИЙДЭГ ХҮН БАЙХЫГ ХИЧЭЭДЭГ
“Хүмүүс эмэгтэй хүмүүсээс, тэр дундаа залуу, эмэгтэй улс төрчдөөс “Хэцүү зүйл байдаг уу” гэж их асуудаг. Мэдээж хэцүү зүйл байна. Гэхдээ би одоо хэцүү зүйлийн тухай яримааргүй байна. Яагаад гэвэл хэцүү биш зүйл энэ амьдралд байдаггүй. Хамгийн гол нь тухайн хувь хүн өөрөө эцсийн шийдвэрээ гаргах ёстой. Би энэ салбарт идэвхтэй байна. Би энэ салбарт хийж, бүтээнэ гэсэн. Та бусдын төлөө амьдарч эхэлсэн тэр үеэс таны амьдрал илүү утга учиртай болдог гээд. Би зөвхөн өөрийнхөө, гэр бүлийнхээ, хүүхдийнхээ төлөө ажиллаад, амьдарч болно. Гэхдээ надад бусдын төлөө ажиллаж, амьдрах хүсэл, зориг байна. Үүний тулд би идэвхтэй байх ёстой. Би зүгээр суух ёсгүй. Санаачлах ёстой. Санаачилсан зүйлээ бүтээх ёстой. Зүгээр ярьдаг биш хийдэг хүн байх ёстой гэсэн зарчимтай”.
“МОД ТАРЬЖ, УРГУУЛАХЫГ МООД БОЛГОЁ, ЗАЛУУС АА”
“Монгол хүн бүрийн тархинд мод тарихыг, тариад орхих биш арчилж, хамгаалж, хайрлаж, ургуулах үзэл бодлыг бодитойгоор суулгаж өгөх юм сан гэсэн том зорилготой. Зорилго минь байгаад үүнийхээ төлөө өдөр бүр, цаг тутамд хичээхийг л зорьж байна”
Бурхан багшийн сургаалд хүн болж төрснийх гурван зүйлийг заавал хийх ёстой гэдэг. Миний хувьд энэ гурван зүйлийг хийж байна. Азтай, амьдрал маань яг энэ гурван замаар явж байна. Сайхан хүүтэй, би гурван ном бичсэн. Мөн мод тарих, байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалах салбарт ажиллаж байгаараа маш их бахархдаг. Залуучуудаа уриалахад, бид тренд, брэнд, моод гэж ярьдаг. Мод тарих, арчилж, ургуулах үйл хэргийг моод болгоё гэдэг зорилгоор чадлаараа дуу хоолойгоо өргөж байна.
Тун удахгүй монголчууд бид шинэ жилтэйгээ, туулай жилтэй золгох гэж байгаа үед Хөрөг нэвтрүүлгийн зочноор оролцож, нэг уриалга хэлье гэж бодлоо. Мод тарина гэдэг маш том буян. Хавар, намартаа мод тарих өдөр, хугацаа байдаг. Энэ хугацаанд мод тариад, бусад үед нь модоо сайхан арчилж, хамгаалж, хайрлаж, ургуулах ёстой гэдгийг Монголын ард түмэндээ уриалахыг хүссэн юм.