2023.05.19
НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Дээд түвшний уулзалтад оролцож байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг дүгнэх дээд түвшний уулзалт”АНУ-ын Нью Иорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд эхэллээ.
“Гамшигт тэсвэртэй ирээдүйг бүтээхийн тулд үйл хэргээ нэгтгэн гамшгийн эрсдэлийг бууруулна” уриатай зохион байгуулагдаж байгаа тус уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян, НИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба, ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Баасансүрэн нарын албаны хүмүүс оролцож байна.
Анх 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн чуулганаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөр”-ийг 193 улсын саналаар баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тавьсан 7 зорилт, 4 тэргүүлэх чиглэлийг улс орнууд хэрэгжүүлж байгаа ч хөтөлбөрийн хүрээнд 2030 он хүртэл тавьсан зорилтод хүрэхэд олон саад бэрхшээл тохиолдож байна. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан тогтвортой хөгжлийн олон асуудал, байгалийн гамшгаас үүдэлтэй олон эрсдэл буурахгүй байгаа юм.