2023.05.18
Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны уулзалт болно
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын танхимын орлогч дарга Жан Вэнь Жүнь, Манжуур хотын Засаг даргын орлогч Гө Шяофан тэргүүтэй төлөөлөгчид нь маргаашаас эхлэх “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохоор Монголд иржээ.
“Мишээл экспо” төвд гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнгийн үеэр Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн хотуудын уулзалт болох юм. Мөн үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон маршрутаар “Авто, мото болон хүүхдийн аялал” зохион байгуулах талаар болон аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгох, хамтын ажиллагааны санал солилцох уулзалтуудыг зохион байгуулна.
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ыг дамнасан Цайны зам аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх хүрээнд 2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо гурван улсын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаан болсон. Уг хуралдаанаар Цайны замын олон улсын холбоог байгуулан, Нийслэлийн Аялал жуулчлалын газар тус холбооны Монгол дахь нарийн бичгээр ажиллах болсон юм.