Финланд улс НАТО-гийн 31 дэх гишүүн орон боллоо
2023.04.05

Финланд улс НАТО-гийн 31 дэх гишүүн орон боллоо

Финланд улс албан ёсоор Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн 31 дэх гишүүн орон боллоо.

Финландыг НАТО-д элсүүлэх ёслолын ажиллагаа Брюссель дэх НАТО-гийн төв байранд болсон байна. Тус ажиллагаанд Финландын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нараас гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен оролцжээ.

Владимир Путины Украинд эхлүүлсэн дайн Финланд улсыг НАТО-д элсэх гол шалтгаан болсон гэдгийг Энтони Блинкен онцоллоо.

Энэ түүхэн үйл явдал Финланд улсыг “Аюулгүй” харин НАТО-г “Хүчирхэг” болгож байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдлээ.

Финланд улс Шведийг НАТО-д элсүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргах болно гэдгийг Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё ёслолын ажиллагааны үеэр мэдэгдсэн байна. Шведын гишүүнчлэлгүйгээр Финландын гишүүнчлэл бүрэн бүтэн байж чадахгүй гэдгийг мэдэгдэлдээ дурдлаа. Швед улс мөн төвийг сахисан байр сууриасаа татгалзаж өнгөрсөн оны тав дугаар сард Финланд улстай нэгэн зэрэг НАТО-д элсэх өргөдлөө өгсөн юм.

Финланд улс НАТО-гийн албан ёсны гишүүн болсон явдлыг ОХУ хурцаар шүүмжиллээ. НАТО-г тэлсэн нь Оросын аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхолд халдаж, нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн дарга Дмитрий Песков мэдэгджээ. Тэрээр ОХУ аюулгүй байдлаа хангахын тулд тактикийн болон стратегийн хариу арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулсан байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn