Б.Сэмжидмаа:
Улс орны хөгжлийг урагшлуулахад эмэгтэйчүүдийн манлайлал чухал
Улс төр эдийн засаг, нийгмийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш оролцоотой гэж хуулиараа тунхагласан. Гэвч аль ч орон зайд эрэгтэйчүүд манлайлдаг гэх тогтсон хандлага байдаг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хэр байгаа талаар Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баяртулгын Сэмжидмаатай ярилцлаа.
Таны хувьд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдоод хоёр жилийн хугацаа өнгөрч байна. Эмэгтэй хүн удирдах түвшинд ажиллахад ямар байгаа талаар ярилцлагаа эхлүүлье.
Нас хүйс, үндэс угсаа, нийгмийн гарал үүслээс үл хамаарч иргэн бүр улс төрд тэгш эрхтэй оролцож, өөрийн төлөөллийг чөлөөтэй сонгох эсвэл өөрөө сонгогдох нь ардчиллын мөн чанар. Миний хувьд бусдын сайн сайхны төлөөх боломжийг эрэлхийлэн, “Өөрөөсөө өөрчлөлтийг эхэлье” гэж улс төрд орж ирсэн. Эмэгтэй хүн улс төрийн түвшинд ажиллах амар зүйл биш.
Би 2004 онд МАН-ын гишүүн болж, 2013 оноос хойш Баянгол дүүргийн намын хорооны дэд даргын ажил, үүргийг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, тоог нэмэгдүүлэхэд анхаарч ирлээ. Улс төрд эрэгтэйчүүд манлайлдаг, тэд удирдагч байх ёстой гэсэн нийгмийн тогтсон хандлага байдаг. Гэвч эмэгтэйчүүд төрөлхийн зөн совин, байгалиас өгөгдсөн уян хатан зан чанараараа шийдвэрлэгдэхгүй орхигдож буй олон асуудлыг анзаарч, оношилж, энэ чиглэлд ажиллаж чаддаг.
Монголын улс төрд жендэрийн оролцоо тэгш бус байсаар ирсэн. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл яагаад хангалттай биш байна вэ?
Монгол Улсад парламентын үйл ажиллагаа эхэлснээс хойш 30 жилийн хугацаанд УИХ-д 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа сонгогдсон байдаг. Сүүлийн хоёр удаагийн Улсын Их Хурлын сонгуулиар эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж нийт гишүүдийн 17,3 хувь болсон. Энэ нь нэг үеэ бодоход дэвшилттэй боловч дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хангалттай үзүүлэлт биш. Манай улсад тухайн жилийн сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн тоо хангалттай байгаа ч шийдвэр гаргах түвшинд олонх болж чадахгүй байна. Эмэгтэйчүүдийг хооронд нь өрсөлдүүлдэг. Нэг тойрогт хоёр эмэгтэй сонгогдож болох атал нэг нь сонгогдох нөхцөл үүсдэг. Энэ байдал 2024 онд өөрчлөгдөх байх гэж найдаж байна.
- 2016 онд 174 эмэгтэй нэр дэвшигчдээс 11, 2020 онд 129 эмэгтэй нэр дэвшигчдээс 13 эмэгтэй гишүүн тус тус УИХ-д сонгогдсон.
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа
Тэгвэл эмэгтэйчүүдийн оролцоог хангалттай түвшинд гаргахын тулд юу хийх ёстой юм бол. Энэ тал дээрх таны байр суурь ямар байдаг вэ?
Олон улсад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангах нөхцлийг улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулиараа бүрдүүлсэн байдаг. Мөн зарим улс парламент дахь тодорхой тооны суудлыг эмэгтэйчүүд зайлшгүй эзэлнэ гэж хуульчилсан байдаг. Улс төрийн намууд ч эмэгтэй удирдагчдыг бэлтгэх, дэмжих, УИХ дахь гишүүдийн тооны харьцааг хэрхэн тэнцвэржүүлэх талаар бодлогын түвшинд анхаарах шаардлагатайг анзаарсан. Цаашдаа энэ чиглэлээр олон улсын туршлагаас судлах хэрэгтэй. Улс төрийн ууган хүчин МАН энэ тал дээр тодорхой ажлуудыг хийж эхэлсэн.
Улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх тусам төрийн легитим чанар сайжирдаг, улс төрийн соёлыг эергээр өөрчилж, эмэгтэй улс төрчид охид, бүсгүйчүүдэд үлгэр, дуурайлал үзүүлдэг. Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх тусам авлигын түвшин буурдаг судалгаа ч бий.
Түүнчлэн эмэгтэйчүүд улс төрд оролцсоноор төрийн бодлогод чанарын өөрчлөлт гардаг гэдгийг дэлхийн олон орон хүлээн зөвшөөрч байна. Тиймдээ ч Унгар улс ерөнхийлөгчөөрөө анх удаа эмэгтэй хүн сонгож, Франц улс 30 жилийн дараа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Их Британи гурав дахь эмэгтэй ерөнхий сайдаа сонгосон зэргээр эмэгтэйчүүдийн оролцоо эрчүүдээс дутахгүй гэдэг нь нотлогдож буйг анзаарч байгаа байх.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр ямар эерэг өөрчлөлтүүд гарах талаар онцоллоо. Ажиглахад эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын чиглэлд эмэгтэйчүүд илүү нарийн нандин мэдрэмжтэйгээр ханддаг.
Тийм шүү. Эмэгтэйчүүдэд тулгарч буй нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн төлөөлөл зайлшгүй олуулаа ажиллах ёстой гэсэн жендэрийн үзэл баримтлалтай ихэнх судлаачид санал нийлдэг. Миний хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхаа дэргэд “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна. Зөвлөл маань МАН, АН, ХҮН намын төлөөлөл 11 эмэгтэй гишүүнээс бүрдсэн.
Нийслэл, дүүргийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамт олон
Гэр бүлийг бага төр гэж үзвэл “Эзэгтэй нь ерөнхий сайд”, “Эрийн нэрээр орж, эхнэрийн нэрээр гардаг” гэх яриа ч байдаг. Эндээс анзаарахад эмэгтэй хүний арвич хямгач байдал, нарийн чимхлүүр ухаан, уян хатан байдал, хариуцлага ямар чухал болохыг илтгэдэг. Бид эрчүүдийн төдийлөн харж анзаардаггүй, нийгэмд асуудал үүсгэдэг олон зүйлсийг гярхай харж, анхаарч, шийдэл хайж, иргэдийнхээ соён гэгээрэл, эрүүл мэнд, боловсролын асуудалд санаа тавин ажилладаг. Манай “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийнхөн зөвхөн төсвийн мөнгө харж суухыг боддоггүй. Тиймээс өөрсдийн санаачилгаар олон улсын байгууллага руу төсөл хөтөлбөр бичиж, бусад боломжийг эрэлхийлэн дүүргийнхээ 25 хорооны өрхийн эмнэлгийг нярайн шарлагын аппаратаар хангалаа.
Эмэгтэй хүн бүр нярай хүүхдэд энэ аппарат ямар чухал зүйл болохыг мэдэх учраас нэгдүгээрт эрэмбэлэн шийдэж чадаж байгаа юм. Энэ мэтчилэн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл олонх болсноор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зэрэг нийгмийн шинж чанартай хуулиудыг баталж, сайн ажиллаж байгааг бид бүхэн харж байна. Мөн саяхан “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг 13 эмэгтэй гишүүн хамтран санаачилж, УИХ-д өргөн барьсан.
Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэж ярьдаг ч өдгөө энэ хандлага өөрчлөгдсөн. Эмэгтэйчүүд нэгдэж чаддаг.
-Удирдах түвшин гэлтгүй аль ч шатанд олон нийтийн зүгээс эмэгтэйчүүдэд шүүмжлэлтэй хандах нь түгээмэл ажиглагддаг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
Монгол Улсын түүхэнд орон нутгийн удирдлагаар анх удаа эмэгтэй хүн ажиллах боллоо. Ховд аймгийн засаг даргаар эмэгтэй хүн томилогдсон нь эмэгтэйчүүдийн улс төрийн нөлөөллийг харуулж буй тод жишээний зэрэгцээ тухайн хүнд жендэрийн талаасаа, хувь удирдагчийн зүгээс ч “Хэн бэ” гэдгээ харуулах том талбар гарч ирж байгаа юм. Бид хүнийг чадахгүй, мэдэхгүй гэж шүүмжлэхээс илүү дэмжиж, хамтран ажиллах хэрэгтэй.
Тиймээс өөрсдөө манлайллыг бий болгож, ирээдүйн сайн сайхны төлөө шийдвэр гаргах түвшинд олонх болох тал дээр нэгдмэл байр суурьтай байх цаг болсон. Аливаа албан тушаалд ээлж өнгөрөөн ажиллах биш дараагийн удирдагч эмэгтэйчүүдийн залгамж, халааг бэлдэхэд бидний эхлүүлсэн ажил үр нөлөөгөө өгч, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олонхоороо манлайлах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Итгэлцэл эв нэгдэл Баянгол дүүргийн хөгжлийн үндэс болох ёстой. Энэ бол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үндсэн зарчим нь гэж та онцолж байсан. Энэ зарчим ажил хэргийнхээ хувьд хэр бодитой хэрэгжиж байна вэ?
Энэ удаагийн иргэдийн төлөөлөгчдийн 41 гишүүний 21 нь МАН-аас, 18 нь Ардчилсан нам, 2 нь ХҮН намаас сонгогдсон. Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол тархи, дүүргийн засаг даргын тамгын газар бол зүрх. Иймд би нэг л зарчим баримталдаг. Баянгол дүүргийн 260 орчим мянган иргэдийн эрх ашгийн төлөө бид улс төр хийхгүй. Тиймээс дүүргийнхээ иргэдийн төлөө асуудлыг эрэмбэлж, хамгийн чухлаас нь эхлээд шийдэж, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахад бүх түвшиндээ нягт холбоотой байх ёстой.
Зарчмын хувьд бид аль нэг нам, эвсэл гэхгүй нэг баг хамт олон болж ажиллаж байна. Төлөөлөгчид маань нээлттэй, шударга, зарчимч залуучууд ихтэй бүрэлдэхүүн бий. Хэн нэгнээс хараат бус иргэдээ төлөөлж чадаж байгаад нь баярладаг.
-Таны хувьд дүүргийнхээ боловсролын салбарт ихээхэн анхаарч ажилладаг. Саяхан БНСУ-д "Багшийн чадвар бэхжүүлэх хөтөлбөр" хэрэгжүүлсэн. Энэ талаар дэлгэрүүлэн ярилцъя.
Монголын ирээдүйг зөв хүн болгох төлөвшүүлэх, мэдлэг боловсрол олгоход бүх хүчээ зориулж яваа багш нараа хөгжүүлэх, олон улсаас сайн туршлага суралцуулах үүднээс дүүргийнхээ багш нарын дунд “Багшийн чадвар бэхжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр санаачилсан. Энэ хүрээнд “Дүүргийн хөгжилд багшийн оруулах хувь нэмэр” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан. Багшийн ажил хийж байгаа ч тэд мөн л адил иргэн хүн.
Тиймээс дүүргээ хөгжүүлэхэд иргэний зүгээс юу хийж болох вэ гэдэг дээр энэ уралдааны зорилго оршсон. Уг уралдааны нэгдүгээр шатанд шалгарсан багш нарын дунд илтгэл хэлэлцүүлснээр шилдэг 10 багш тодорсон. Эдгээр багш нар Солонгос улсын боловсролын инноваци, сургалтын арга зүй, шилдэг туршлагаас суралцах 100% тэтгэлэгт хөтөлбөрийн эрхээ авч БНСУ-ын Ханбад их сургууль, Солонгосын шинжлэх ухааны хот болох Тэжон хотын Юүсонг дүүрэгт зочилж, шилдэг туршлага, ур чадвараас суралцсан юм.
"Багшийн чадвар бэхжүүлэх хөтөлбөр"-т хамрагдсан багш нар