2023.03.21
Хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан Хэнтий аймгийн төлөөллүүдэд шагнал гардуулав
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Мөнх-Очирын Түвшинжаргал, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 222 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор Хэнтий аймгийн ахмад барилгачин Навааны Зоригтбаатар, Балжиннямын Очирмөнх нар энгэрээ мялаалаа. Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат гардуулан өгч, баяр хүргэлээ.
М.Түвшинжаргал нь ажил хөдөлмөрийн гараагаа 1964 онд эхэлж 1964-1970 онд Бэрхийн уурхайн Артельд Мастер, 1970-1980 онд Бэрхийн Ахуйн үйлчилгээний салбарт Нягтлан бодогч, 1980-1994 онд Бэрхийн Нийтийн ахуйн үйлчилгээний салбарын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна.
Тэрээр Бэрхийн уурхайн Ахуйн Үйлчилгээний салбарт тасралтгүй 30 жил хөдөлмөрлөхдөө тойргийн Норовлин, Батноров, Баян-Овоо, Дадал сумдад Ахуйн Үйлчилгээний бүх салбаруудыг нээж явуулын үйлчилгээгээр тасралтгүй удирдлагаар хангаж ирсний үр дүнд тус Ахуйн Үйлчилгээний салбар нь аймагтаа тогтмол 1, 2-р байр, Улсад 2-р байрыг хоёр удаа эзэлж байв. Мөн залуу үеийг халамжлан хүмүүжүүлж Волейболын спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж “З.Лувсандорж агсны” нэрэмжит тэмцээнийг нээлттэйгээр Улсын хэмжээнд тасралтгүй 14-н удаа амжилттай зохион байгуулжээ.
Харин Н.Зоригтбаатар нь Хэнтий аймгийн Барилга конторт 1966 оноос, Б.Очирмөнх нь 1976 оноос ажиллаж, хожим Хэнтий аймгийн “Суварга эв” ХХК, “Эвт түмэн нөхөрлөл” ХХК-д ажиллан салбартаа 50 шахам жил хөдөлмөрлөсөн ахмад барилгачид юм.