УИХ-ын дарга Г.Занданшатар цаашид Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг бүрэн хангахыг анхаарууллаа
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхлэв.
Хуралдааны эхэнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ талаар танилцууллаа.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Байнгын хороод, ХЭҮК хамтраад төслийг шинэчлэн боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн дахин өргөн мэдүүлэхийг чиглэл болгов
Монгол Улсын Засгийн газраас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг 2022 оны намрын ээлжит чуулган хаахаас хэдхэн хоногийн өмнө буюу 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21.1-д заасны дагуу нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. Төслүүдийг дэг зөрчөөд хэлэлцсэн юм шиг зарим гишүүн яриад байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хоригт ч ийм санаа байна. Хуулиа зөв хэрэглэх хэрэгтэй.
Хууль тогтоомжийн тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.4.1, 3.4.3-т заасан асуудлаар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагагүй гэсэн. Нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурал дараалал харгалзахгүйгээр хэлэлцэх үүрэгтэй. Улс оронд нэн яаралтай асуудал тохиолдоно, гэсэн ч бид энэ хуулийн заалтаа өөрчлөх шаардлагатай болж байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.8-дахь хэсэгт “Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газрын санаачлах хууль тогтоомжийн төсөл энэ хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг эцэслэн хянаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зөвшөөрөл олгоно” гэж заасан. Хуулийн энэ заалтын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшөөрлөө ирүүлснийг үндэслээд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо холбогдох хэлэлцүүлгүүдийг явуулаад, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд хуралдсан. Үндсэндээ тав хоног хэлэлцэж, хууль баталсан.
Цаашдаа хууль тогтоолын төслийг санаачлах, боловсруулах, олон нийтийн хэлэлцүүлэг хийх, эрх зүйн дүгнэлтийг өргөн мэдүүлэхдээ, олон нийтэд сурталчлахдаа, хэрэгжилтийг зохион байгуулахдаа Хууль тогтоомжийн тухай хуулийг ягштал мөрдөх нь зүйтэй. Цаашдаа бид Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдээс нэн яаралтай горимоор хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлэхэд Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг бүрэн хангасан байхыг шаардана. Тодруулбал, олон нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлээгүй, ил тод, нээлттэй байх зарчим, олон нийтийн оролцоог хангаагүй, судалгаа шинжилгээнд үндэслээгүй хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхэд хүлээн авахаас татгалзах үед Улсын Их Их Хурлын Тамгын газрыг “Та нар Улсын Их Хурлын гишүүдийн хууль санаачлах эрхэд халдлаа” гэх шаардлага тавьж болохгүй.
Улсын Их Хурлын гишүүдийн олонх хүний эрх, эрх чөлөөг олон нийтийн сүлжээнд хамгаалах эрх зүйн харилцааг шинэ тутамд зохицуулж байгаа анхдагч хууль болохын хувьд энэ хуулийг олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авч, тал бүрээс нь нухацтай хэлэлцүүлээд дахин өргөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн саналуудыг хэллээ.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг Улсын Их Хурлын олонх гишүүн дэмжлээ. Тэгэхдээ, энэ төрлийн эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэдэг байр суурийг олон гишүүн илэрхийлсэн тул Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтраад хэлэлцүүлэг зохион байгуулж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулахдаа Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлж дахин өргөн мэдүүлэхийг чиглэл болгож байна" гэв.