"Биднийг тойрсон 4 бүсэд 238 сая жуулчинтай, бид 1 саяыг нь татах боломжтой"
2023.02.27

"Биднийг тойрсон 4 бүсэд 238 сая жуулчинтай, бид 1 саяыг нь татах боломжтой"

Монгол Улс энэ жил нэг сая жуулчин хүлээж авахаа илэрхийлсэн. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Монгол улсад түгжрэл, хотын нөхцөл байдал, улс хоорондын тээвэр хөгжүүлэлт гээд маш олон асуудал байна. Харин та 2023 онд нэг сая жуулчин хүлээж авна гээд маш том амбицыг зарлачихлаа. Нэг сая жуулчин хүлээн авах боломж юун дээр түшиглэж ямар бодлого тооцооллоор гаргасан бэ. Олон хүн тийм боломж байгаа эсэхэд эргэлзэж байна л даа?

-Бодлогын хувьд бид өмнө нь хэн, хэзээ, хаана ч хамаагүй гэсэн бодлого барьж ирсэн. Өөрөөр хэлбэл, бодлоггүй байсан гэсэн үг. Тухайн салбарын бодлогуудаа бид тодорхойлоогүй. Монгол Улсын хувьд байгаль орчин аялал жуулчлалын яам гэж явдаг. Зарим орны хувьд соёл, аялал жуулчлалын яам гэж явдаг. Эдгээр улсууд соёлд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлж байдаг бол манай улсын хувьд байгальд тулгуурлаж аялал жуулчлалаа хөгжүүлэх хэрэгтэй.

Байгальд тулгуурласан аялал жуулчлалаа хөгжүүлэхэд юу байхыг маш сайн тооцоолох хэрэгтэй. Би бизнес эрхэлдэг байхдаа  аялал жуулчлалын жил гэж зарладаг байсан. Тодорхой хэмжээний том реформын шинжтэй нэг ч зүйл явдаггүй байсан. Бид том амбиц, том тоо тавьж байж түүндээ хүрэх тэмүүлэл өндөр байна. Үүнд тулгуурласан Засгийн газрын бодлого явах ёстой гэж харж байгаа. Энэ утгаараа ч гэсэн агаарын тээврийн либералчлал маш сайн хийгдэж байна. 3 жилийн хугацаанд агаарын тээвэр ямар ч хязгаарлалтгүй байх ёстой гэдэг үндсэн зарчмыг гаргасан.

Аялал жуулчлалын салбарын хөгжүүлэх бодлогын хуульд өнгөрсөн 20 жилийн хугацаанд 14 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон. 14 удаа орохдоо реформын шинжтэй нэг ч өөрчлөлт ороогүй. Зөвхөн “гал унтраах” зорилготой жижиг жижиг өөрчлөлтүүдийг л хууль эрх зүйн орчинд хийж ирсэн. Аялал жуулчлалын үр өгөөжийг салбарт нь зарцуулах ёстой.

Одоо бид БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс дээр ач холбогдол өгч ажиллаж байна. БНХАУ-ын хувьд нэг жилийн урсгал нь 149 сая жуулчинтай. БНСУ 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин БНХАУ-руу жуулчилдаг. ОХУ 42 сая жуулчинтай, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс 5 цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтой гэж харж байна.

Аялал жуулчлалын өртөгийг өндөрсгөдөг агаарын тээврийн үнэд нөлөөлөлгүйгээр зорчдог ойрын 4 орон бол энэ БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улс юм. Эдгээр улсын жуулчдын тоог нэмээд үзхээр 238 сая жуулчин байна. Үүнээс 1 сая жуулчин авах боломжтой юу гэдэг тоон дээр л бид ажиллаж байна.

-Монгол Улсын аялал жуулчлалын хувьд тархан суурьшсан хэв маягтай. Үүнийг дагаад дэд бүтцийн асуудлууд гарч ирдэг. Эдгээрийг шийдэхэд их хэмжээний мөнгө орно. Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалын сайд болгон энэ асуудлыг ярьж ирсэн ч шийдэл байгаагүй. Таны шийдэл юу байх вэ?

-Монгол улсын газар нутгийн хэмжээгээр бүхэлд нь дэд бүтэц татах боломжгүй. Үүнд стратеги судалгаа хийсэн. Ирэх жуулчдынхаа онцлогт тохируулж аялалын алтан маршрут гаргасан. Үүний дагуу дэд бүтцийг гаргахаар ажиллаж байна. Маршрутын дагуу буудаллах цэг, худалдаа үйлчилгээний төв, ариун цэврийн байгууламж, зам, гэрэл цахилгааны асуудал зэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн үг.

Алтан маршрутын дагуу ажиллах юм бол эдийн засгийн бүрэн боломж бий гэж үзэж байна.

"АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС ТҮШИГЛЭЖ ОЛОН УЛСЫН 7 НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ БИЙ БОЛГОНО"

-Дэд бүтэц гэдэг дээр жишээ хэлэхэд, бид улсдаа жуулчид хүлээж авах ганцхан нисэх буудалтай шүү дээ. Бид өөрсдөө ирэхэд хүртэл хил, шалган нэвтрэх, боомтын асуудал их гардаг. Тэгвэл үүнийг яаж шийдвэрлэх вэ?

-Ганц агаарын тээврээр бус газраар ч бас тээвэрлэнэ. Хиллэж буй хоёр улстайгаа газраар тээвэрлэнэ. ОХУ, БНХАУ-аас 450-600 мянган жуулчныг хил дагасан аялал жуулчлалаар оруулж ирэх тооцоо судалгаа хийгээд ажиллаж байна. Манай онгоцны буудлын 1 цагийн нэвтрэх чадвар нь 600 хүн хүлээн авах чадалтай. Энэ удаа бид 1 сая гэсэн амбиц тавьсан байгаа бөгөөд цаашдаа 2 сая, 3 сая руу зүтгэх ёстой.

Тиймээс өнөөгийн байгаа нөөц бололцоогоо ашиглан ямар урсгалыг бий болгох вэ гэдэг дээр Зам тээврийн хөгжлийн яамтай бид ярилцаж байгаа. Тухайлбал, агаарын тээврийн либралчлал хийж, Солонгос улсаас долоон онгоц нисч байгаа, Японоос нэмж орж ирэхээр болсон, Туркээс зорчигч болон нислэгийн ямарч хязгаарлалтгүй нисэхээр болсон. Тэгэхээр эдгээрийг ганц онгоцны буудал дээр ачааллаа даах уу гэсэн асуулт гарч ирж байгаа. Бидэнд одоогоор ашиглах боломжтой Буянт-Ухаа,  Чингис хаан олон улсын нисэх буудал бий.

Буянт-Ухаа нисэх буудлыг өргөтгөх, шинэчлэх талаар Японы талтай ярилцаж байгаа. Хөрөнгө оруулалтын хэлбэрт менежментын гэрээн дээрээ Японы тал 15-н жил хариуцаж явна гэдэг гэрээгээр Чингис хаан онгоцны буудал ажиллаж байгаа. Буянт-Ухааг терминал 2 болгох тал дээр Монголын талаас судалгаа хийж,  Японы талд хандсан.

Тэгэхээр онгоцоор цагийн 600 нийт онгоцны тоо багтаамж гээд тооцохоор агаарын тээвэр явагдахад онгоцны буудлын даах чадвар хөндөгдөж байгаа. Энэ дээр Засгийн газраас аялал жуулчлалын бүс дагасан  7-н онгоцны буудлыг олон улсын зэрэглэл рүү яаралтай шилжүүлэх тал дээр ярилцсан. Жишээ нь, Даланзадгадад ирэх гэж байгаа жуулчин заавал Улаанбаатарт ирж буухгүйгээр Даланзадгадад шууд буух боломжийг бид хангах хэрэгтэй.

Иймд бид энэ 3-н жилийн хугацаанд 7-н онгоцны буудлыг олон улсын зэрэглэл рүү шилжүүлж олон улсын онгоц хүлээн авах боломжийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Ингэж чадвал олон улсын зэрэглэлийн нийт 8-н онгоцны буудалтай болж,  агаарын тэврийн либралчлал үргэлжлээд явахад ямарч  асуудалгүй болж байгаа.

-Агаарын хилээс гадна хөрш орнуудын жуулчдыг газрын хилээр дамжуулан татна гэлээ. Бид өнөөдөр нүүрсээ ч гаргахад хүндрэлтэй байдаг шүү дээ, боомтын асуудал дээр. Тэгэхээр яаж зохион байгуулна гэсэн үг вэ?

-БНХАУ-ын талаас хүн нэвтэрч байгаа нийт 7-н боомт байна. ОХУ-ын тал дээр 2 боомт байна. Агаарын нэг боомт байна. Энэ боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулахаар нөгөө тал дээр ачаа тээвэр болон экспорттой холбоотой асуудлаар бид боомтын сайдыг томилсон. Тэгэхээр боомтын сайдтайгаа бид хамтарч ажиллаж байгаа. Аль болох нэвтрэх чадварыг сайжруулах тал дээр ажиллаж байна. Аялал жуучлалыг хөгжүүлэх үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ахлаж байгаа.

Аялал жуулчлалын салбарт маш их ач холбогдол өгч байгаа учраас тэрбээр өөрөө ахалж, надад том даалгавар өгсөн нь 1 сая жуулчин авчрах ажлын суурийг нь тавихыг үүрэгдсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар аялал жуулчлалын салбарт хэдий хэмжээний мөнгө, валют оруулж ирэх вэ, аялал жуулчлал салбараар дамжуулж эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоход анхаарч байна.

Бид 1 сая жуулчин авна гэж хэлээд өнгөрөх бус суурийг  хийх ёстой. Жишээлбэл, эрх зүйн орчны реформууд хийгдэх ёстой, төвлөрч байгаа эдийн засгийн үр өгөөжийг эргээд тодорхой хувийг аялал жуучлалын салбарт хурдан зарцуулдаг энэ системийг бид олж өгч байна.

Аялал жуучлалыг хөгжүүлэх сангийн эх үүсвэр болох казино, бооцоот морин уралдаан зэргийг хуульчилж, энэ салбараас олох мөнгөний тодорхой хувийг аялал жуулчлалын дэд бүтэц рүү, агаарын тээвэр хөгжүүлэх, тогтмол нислэгтэй болгох, зам тавих, цахилгаан татах, ариун цэврийн байгууламж барих зэрэг зарцуулах зэргийг хууль эрх зүйгээр зохицуулна.  Гэхдээ бид хэлээд өнгөрөхийг хүсэхгүй байна. Магадгүй ирэх жуулчдын тоо 1 сая хүрэхгүй байхыг үгүйсгэхгүй.

-Хууль эрх зүйг нь шинэчлэх, яам бодлогоо тодорхойлоод хувийн хэвшлийхэнтэй хамтарч ажиллах нь. Үүнийг төр дангаараа хийж чадахгүй байх?

-Турк улс Соёл аялал жуучлалын яамтай. Туркд түүхийн олдворууд бүгд байшинд орчихсон, соёл дээр тулгуурлаж аялал жуулчлал нь явдаг. Монголын хувьд байгаль дээр тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой.  Байгаль дахь хэлбэр маань хэдий хугацаагаар явах ёстой вэ, эзэнгүй байсаар байх уу, менежементгүй байсаар байх уу, үнэгүй байсаар байх уу, бид нар яагаад олон зуун жилийн өмнөх түүхийн үнэт олдворыг үнэгүй үзэх ёстой юм, яагаад дандаа хажууд нь бие засах ёстой юм, иймд менежемент рүү шилжүүлэх 2 дугаар том реформ орж ирж байгаа. Энэ ажлыг хуулийн этгээд буюу хувийн аж ахуйн нэгжүүдээр тухайн менежементүүдийг хийлгэх энэ тогтолцоог оруулж ирнэ.

3 дахь реформ нь аялал жуулчлалын салбарын 52 холбоо маань нэгдэх. Нэгтгэх ажил бол маш том үүрэг гүйцэтгэнэ. Яамны зүгээс бүх холбоодыг нэгд, аялал жуучлалын нэгдсэн холбоогоо байгуул гэсэн тодорхой хэмжээний шаардлага тавьж байгаа. Холбоогоо байгуулсанаар бидний бодлого нэг болно.

Нэг бодлоготой болсоноор төрийн тодорхой чиг үүргийг нэг болон хэсэгчилэн холбоонд шилжүүлээд өгье, мэргэжлийн холбоо нь бүх ажлаа тодорхойлоод, бүх гүйцэтгэл, сурталчилгаа гээд бүгдийг нь хийх эрхийг шилжүүлээд өгье гэсэн. 4-т агаарын тээврийн либралчилал. 5 дахь нь бол өнөөдөр Монгол улсын газар нутгийн 21 хувь 32.7 сая га газар тусгай хамгаалалтад байна. Нэг талдаа бид нар байгалиа хамгаалж байгаа, нөгөө талдаа дэлхий дахинд цаг уурын өөрчлөлт явагдаж байна. Нүүрс хүчлийн хийн ялгарал аж үйлдвэржсэн маш олон орноос гарч байна. Шингээлт нь манайх шиг өргөн уудам газар дээр явагдаж байгаа. 

Энэ шингээлт ихээр явагдах тусам хүний хүчин нөлөөгүйгээр тухайн байгаль орчин сүйдэж байна гэсэн үг. Бид үүнийг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл, менежементийг явуулсанаар тэнд эдийн засгийн эргэлт бий болгох боломжтой.  Улсын тусгай хамгаалалттай бүс дотор буюу тусгай хамгаалалттай газрын хуулиар хамгаалагдсан 32.7 сая га газар буюу хүн байтугай мал хөл тавьж үзээгүй газрын тухайд бид ярьж байна. Тэнд отоглох цэг байгуулж түүн дээр л буудаллана. Их тайгад өдөр дутамд ажилладаг байнга морьтой явдаг хүмүүс 4-5 хоног явна. Энгийн жуулчин болон монгол хүмүүс 4-5 хоног морьтой явах чадалтай юу гэдэг асуудал үүснэ.

Харин үүнийг нь нисдэг тэрэгний аялал хийх боломжийг нь бүрдүүлчих юм. Бид нарт байгаль байгаа учир байгаль дээрээ тулгуурлан аялал жуучлалыг хөгжүүлнэ. Тэгэхээр нөгөө талдаа үнэтэй аялал жуучлал маань үүгээр хөгжих ёстой. Гэх мэт реформуудыг бид хийгээд явж байна. 2023 ондоо багтаад үүнийг хийх ёстой. Үүнийг хийсний дараа 1 сая, 2 сая, 3 сая гэдэг ойлголт өөр болж ирнэ.

-Сонирхолтой байж магадгүй. Өнгөрсөн хугацаанд Монголд ирсэн жуулчдын талаар судалгаа ер нь хийж үзсэн үү. Тэдний хэд нь үүргэвчтэй аялагчид байдаг вэ, хэд нь байгаль орчныг, түүхийн дурсгалт газрыг, тал нутгийг сонихож байна гэдэг ч юм уу, үүнийг судлаж үзсэн тоо баримт байдаг уу?

-Бүх улс орнууд визний ангилалтай. Бизнес, жуучлал, эмчилгээний виз зэрэг. Бид жуулчны ангилалаар орж ирж байгаа хүн бүхнийг жуулчин гэж үзнэ. Бизнесийн ангилалаар орж ирж байгааг бизнесмен гэж үзнэ. Нөгөө агуулгынхаа хувьд тэд ч бас ахиад нэг жуулчид юм. Манайх дээр тэднийг хүлээж авах газар байгаа. Энийгээ бид тооцох ёстой.

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нүүдэлчин, малчин ахуйтай зөрчилдөх зүйлс олон бий. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарыг түшиглэсэн монгол ахуйг харуулсан, түүнд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий юу?

-Аялал жуучлалын тухай хууль дээр нэг том реформын шинжтэй зүйл орж ирж байгаа нь бол нутгийн иргэдийг дэмжих үйл ажиллагаа орж ирж байна. Бид малчдыг хөдөө аж ахуйн салбар гэж харж байгаа. Нөгөө талдаа бид аялал жуучлалын салбар гэж харах ёстой.  Яагаад гэвэл нүүдлийн аж ахуй, мал, малаас гарч байгаа түүхий эд мөн хийж байгаа бараа бүтээгдэхүүнүүд зэргийг зөв илэрхийлж чадах юм бол энэ нь өөрөө нүүдлийн соёл иргэншлийн маш том суурь.

Саяхан би Монголд суугаа Туркийн элчин сайдтай уулзсан. Туркийн элчин сайд газар хөдлөлтөнд хамгийн аюулгүй нь гэр юм биш үү гэж хэлсэн. Танай Монголчууд, нүүдэлчид өнөөдрийг хүртэл газар хөдлөлтийн гамшгийг амсаагүй байна. Турк бол байнга амсч байна. Танайх амсаагүй учир шалтгаан нь гэр байсан юм биш үү гэж байсан. Тэгэхээр бид Монгол гэр хэрхэн тогтдог ямар бүтэцтэй, монгол гэрт яагаад амьдардаг, яагаад Монголчууд нүүдлийн ахуй дээрээ Монгол гэрээ ашигладаг вэ гэдэг талаасаа аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой. Зарим хүмүүсийн инээд нь хүрч магадгүй л дээ.

Бид Солонгос, Япон улсад очиход яаж хүүхдүүдээ цахим орчноос салгах вэ, яаж энэ хүмүүсийг wifi internet гэдэг зүйлээс 10 хоног таслаад сүлжээгүй газар аваачих вэ, манай улсад бүх газар сүлжээ байгаа нь гамшиг болж байна гэдэг асуудлыг хөндөж байсан. Тэгэхээр бид энэ тал дээр аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой. Тэр утгаараа аялал жуучлалын тухай хуульд орж байгаа реформ нь нутгийн иргэд буюу малчдыг дэмжих нь өөрөө нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуучлалыг хөгжүүлэх бодлогыг оруулж өгч байгаа. Зарим нь ад үздэг. Энийг бид ад үзэхээс илүүтэй хөгжүүлэх, тэд нарыг дэмжих тал дээр ажиллах ёстой гэж бид нар харж байна.

– 1 сая жуулчныг хэн авчрах вэ. Аялал жуулчлалын салбарт 52 холбоо гэхээр гайхаад байна л даа. Ер нь энэ аялал жуучлалын холбоод болон хувийн хэвшлээрээ дамжуулаад аялал жуучлалаа хөгжүүлэх маш том гарц болно. Яг хувийн хэвшил, аялал жуучлалын компаниуд руу чиглэсэн эрх зүйн реформ юу байх вэ. Тэр холбоодыг нэгтгэхэд ямар боломж гарцууд байгаа гэж харж байгаа вэ?  

-Нийтийн эрх зүйн этгээд буюу аялал жуулчлалыг удирдах холбоо нь аялал жуулчлалыг хөгжүүлэх санг удирдана. Тэр санг аялал жуулчлалын мэргэжлийн холбоо удирдаад явах эрх зүйн зохицуулалтыг хийж өгч байгаа. Яагаад гэвэл төр дээр байхаар ЖДҮ-ийн сан, хөдөө аж ахуйг дэмжих сан, тариалан эрхлэлтийг дэмжих сангуудын адил асуудал үүснэ. Аялал жуулчлалын нэг давуу тал нь өнгөрсөн 32 жилийн хугацаанд төрөөс хараат бус байсаар ирсэн.

Бид эрх зүйн өөрчлөлт хийж байна гэчихээд төрөөс хараат байдал руу шилжүүлмээргүй байгаа юм. Хараат бус дээр нь баталгаажуулах хэлбэрийг аялал жуулчлалын эрх зүйн орчинд оруулж байгаа юм. Том хэмжээний санг хэн удирдах вэ, 52 холбоонд өгч чадахгүй. Тэгсэнээс аялал жуулчлалын мэргэжлийн холбоодоо нэгдэж байгуулаад төлөөллөө маш сайн бүрдүүл, аялал жуулчлалыг хөгжүүлэх сангаа удирд гэдэг саналын тавьсан. Төр тодорхой хэмжээний зүйлээсээ татгалзъя, их тайгад байгуулагдах отоглох цэгийг хийх, менежментийг нь хариуцах, орлогыг нь ав, буцаагаад байгаль орчинд нь зарцуулах, хамгаалах тодорхой төсвийг өг гэдгийг аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хариуцаад яв.

Төрийн гүйцэтгэж байгаа тодорхой чиг үүргүүдийг хувийн хэвшил, хуулийн этгээд, мэргэжлийн холбоод руу шилжүүлхэд дуртай байгаа. 52 холбооны орлого нь гишүүнчлэлийн татвар байдаг. Гишүүнчлэлийн татвар нь үсрээд 10 саяаар л хэмжигдэнэ. Өөр орлого байхгүй. Үйл ажиллагаа нь цогц утгаараа явхын тулд орлогийн эх үүсвэртэй байх хэрэгтэй. Орлогын эх үүсвэр нь байхгүй бол тэд нар цаасан дээр юм ярьсан хэвээрээ л байна. Мэргэжлийн холбоодууд маань нэгдэх процесс руугаа ч орж байна.  МҮХАҮТ-аас Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн тухай хууль 2021 онд өргөн баригдсан хууль, худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд мэргэжлийн холбоодуудыг танхим байдлаар байгуулаад бүх удирдлага зохион байгуулалтыг хангах хэлбэрээр явуулах саналд аялал жуулчлалын мэргэжлийн холбоодынхон “no” гэдэг.

Учир нь МҮХАҮТ улс төржсөн байгууллага, улстөрчид танхимыг удирддаг. Монголын үйлдвэрчний холбоо, Худалдаа аж үйлдвэрийн байгууллага, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо зэргийг бүгдийг нь улстөрчид удирддаг. Хараат байдалд орохгүйн тулд “үгүй” гэж байгаа. Харин хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо шиг мэргэжлийн, нийтийн эрх зүйн этгээдийг бид байгуулъя. Энэ нь бидэнд болоод манай салбарт ашигтай. Бид энэ салбараас өөрсдөө хоолоо олж иддэг хүмүүс. Үүнийг салбарын бус хэн нэгэн удирдахыг зөвшөөрөхгүй гэсэн шаардлагыг аялал жуулчлалын холбоод тавьж байгаа. Үүнийг ч би дэмжиж байгаа.

“НЭГ ЖУУЛЧИН ДУНДЖААР 1100 ОРЧИМ ДОЛЛАРЫН ҮР ӨГӨӨЖ ҮЛДЭЭДЭГ”

-Дэд бүтэц болон засгийн газрын боломж бололцоо нөөцийг харахаар их л мөнгө зарцуулахаар харагдаад байна л даа. Мөнгөө зарцуулчихаад хүнээ татах юмуу, хүнээ татахтай зэрэгцүүлээд явах юм уу? 

-Байгаль орчин аялал жуулчлалын яаманд жилд 1.4 тэрбум төгрөг л төсөвлөгддөг юм байна лээ. 1 сая жуулчинд энэ мөнгө хангалтгүй. Нэг жуулчинд хэдэн төгрөг зарцуулхаас л буцаад ашиг олох хэрэгтэй. Зүгээр сууж байгаад ашиг орж ирдэг ямар ч бизнес байхгүй шүү дээ. Аялал жуулчлалын салбар бизнесийн салбар учир нэг сая жуулчин гэдэг бизнесийн төсөл юм. 2023 оны зардал дээр 34 тэрбум төгрөгийг төсөвлөж оруулсан.

Нэг жуулчинд 5 доллар зарцуулна. Нэг жуулчнаас монголд үлдэж байгаа үр өгөөж бол 1 мянгаас 1200 ам.доллар. Турк улсад 630-738 ам.долларын хооронд байдаг. Манайхтай харьцуулахад яагаад тийм бага байна гэхээр 40,50 сая жуулчин ирдэг учраас өрсөлдөөн их байна. Тийм учраас үнээ бууруулахаас өөр аргагүй. Хүний тоо ихсэх тусам өрсөлдөөн бий болох зорилготой аж ахуйн нэгжүүд ихээр байгуулагдах ёстой. Манай улсад гадны аялал жуулчлалын байгууллага ч орж ирэхийг үгүйсгэхгүй. Тухайлбал, Туркийн Анталия хотод жуулчдын 80 хувь нь Оросууд, хөрөнгө оруулагчдын 80 хувь нь бас Оросууд байна. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн үг. Энэ нь Монгол улсын эдийн засгийг тэлнэ гэсэн үг.

Тэгэхээр нэг жуулчинд 1 мянган төгрөг зарцуулах юм уу, 3 ам.доллар зарцуулах юм уу гэдэг асуудал байна. Сүүлд бид 34 тэрбум төгрөг төсөвлөсөн боловч хасагдаад 3.4 тэрбум төгрөг л өгсөн. Тэгэхээр хуучин 1.4 тэрбум төгрөг, одоо 3.4 тэрбум төгрөг гээд тооцхоор 4.9 тэрбум төгрөг болж байна. 1 сая жуулчинг 4.9 тэрбум төгрөгөнд оруулж ирэх бодлого хийх хэрэгтэй болчихож байгаа юм.

Бодлогыг бол тендер зарлаад, төслийн сонгон шалгаруулалт хийгээд тодорхой хэмжээнд хүрэхийг үгүйсгэхгүй. Тэгэхдээ 1 сая жуулчинд хүрсэн үйлчилгээг бий болгохын тулд бид юу хийх ёстой гэдгийг маш сайн бодох ёстой. Энийг төр татвар төлөгчдийн мөнгөөр хийх ёстой юу эсвэл … гэдэг асуудал гарч байна. Эсвэл гэдэг дээр аялал жуулчлалыг хөгжүүлэх санг оруулж байна гэсэн үг. Эдийн засгийг тэлэхийн тулд юу хийх ёстой вэ гэдэг хандлага, зорилго, стратегийг маш сайн хийх хэрэгтэй болж байна. Тиймээс санхүүгийн чадамжгүй учир зэрэгцэн хийнэ.

-Аялал жуулчлалын багц хуулийн төсөл УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд яваа. Энэ хууль олон зүйлийг өөрчлөх боломжтой гэсэн үг үү?

-Казино орж ирэх цаг нь болсон гэж хүмүүс үзэж байна. Солонгос, Япон, Сингапур зэрэг бусад улс орнууд ямар хэлбэр дээр хийгээд байна гэдэг тооцоо судалгааг маш сайн хийх шаардлагатай. Хэдэн казино байх шаардлагатай вэ гэдгийг хүртэл тооцоолох хэрэгтэй.  Ирэх 3 сар хүртэл энэ талаарх судалгаа хийгдэж, олон нийтэд зарлах хэмжээнд очих байх. Бооцоот морин уралдааныг ямар хэлбэр дээр явуулах вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Хараар шууд хийж болохгүй. Хонгконг бооцоот морин уралдаан их хөгжсөн газар. Жилд орж буй мөнгөний урсгал нь 18 тэрбум ам.доллар яригддаг.

Аялал жуулчлалын салбар гэдэг маш олон салбарыг хамруулсан томоохон салбар. Агаарын тээвэр, дэд бүтэц, худалдаа үйлчилгээний төвууд бий болно, бар ресторан, зочид буудал, малчид, аялал жуулчлалын бааз, хөтөч тайлбарлагчид орлоготой болно. Ингээд тооцхоор үр өгөөж нь Монгол улс даяар яригдаж байна. Үүнийг цаашдаа эдийн засгийг тэлэх бодлогыг эрх зүйн орчинд хийж байгаа. Эдийн засаг эрх зүйн орчноор хязгаарлагддаг байж болохгүй.

Аялал жуулчлалын тухай хуулийг эдийн засгийг боомилох биш дэмжих гээд байгаа тул казино, бооцоот морин уралдаан, төр биш хувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх сан төрийн төсвөөс бус өөрийн орсон өгөөжөөс бүрддэг системийг бүрдүүлээд тэндээс нь эргээд тухайн салбарт зарцуулах тухай яриад байгаа юм. Аялал жуулчлалын бодлого, суурь зөв бүрдчихвэл аялал жуулчлалын салбар Монгол улсын эдийн засгийг уул уурхайгаас илүү дэмжээд аваад явах бүрэн дүүрэн боломжтой. Газраа ухахаас илүү газрын дээрх баялагаараа шууд мөнгө олох боломж байна гэсэн үг.

“КАЗИНО, БООЦООТ МОРИН УРАЛДААН БАЙГУУЛАХДАА ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭЗЭМШИХ ХУВИА МАШ САЙН ТОХИРОХ ЁСТОЙ”

Аялал жуулчлалын багц хууль УИХ-аар батлагдах боломж харагдаж байна. Их хурлын гишүүдийн хувьд ч дэмжээд, ойлгоод байх шиг байна. Аялал жуулчлалаа хөгжүүлхэд хууль эрх зүйн орчноо дагаад ямар арга хэмжээ авах вэ.  Төр, хувийн хэвшлийн түншлэлээ тодорхой болгож чадах уу?

-Төр татгалзах зарчмыг барих ёстой. Зөвшөөрлийн тухай хууль албан ёсоор хэрэгжээд явж байна. Эдийн засгийн тэлэлтийг бий болгох салбарыг төрөөс хараат бус байлга. Төрөөс хараат болхоор л хөгжихөө больчиж байгаа юм. Хулгай луйвар хаана байна, төрд байна гэж иргэд үзээд байна шүү дээ. Хандлагынхаа хувьд том хэмжээний реформыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хийгээд явж байна. Засгийн газар гэхээсээ илүү нам дээр хийгдэж байна гэж ойлгож болно.

Парламентын гишүүдийн дийлэнх нь МАН-ын гишүүд байна. Өнөөдөр дэлгэж байгаа хулгайнууд ч гэсэн энэ цаг үед гэхээсээ илүүтэй өмнө нь гарсан юмыг нэг мөр цэгцлэе, хулгайтай тэмцэе, хулгайгаа зогсоох юм бол Монгол улс хөгжихөд бэлэн байна. Энийг хэн хийх вэ гэдэг дээр маш олон намын дарга, Засгийн газар ажлаад чадаагүй ажил. Үүнийг зоригтой хийснээрээ нэг талдаа ад болж байна, нөгөө талдаа од болж байна. Одоо төр өөрөө эдийн засгийн эргэлтийг дэмжих энэ салбарыг аль болох тусад нь хэлбэрт явуулах бодлогоо гаргах хэрэгтэй.

-Казино, бооцоот морин уралдаан зэрэг дээр олон хувилбарууд яригдаж байна. Тухайлбал, төр 60 хувь, хувийн хэвшил эсвэл хөрөнгө оруулагч 40 хувь гэх мэт. Үүн дээр тохирсон, ярьсан зүйл байхгүй байгаа юм уу?

-Одоохондоо хууль нь батлагдаагүй. Ирэх гурав, дөрөвдүгээр сард багтаад батлагдах байх. Маш олон хувилбар байгаа. Жишээлбэл, Оюутолгой анх эхлэхдээ 34/66 эсвэл 50/50 гээд явж байсан. Магадгүй казино Оюутолгой шиг дуйлаантай болох үгүйг үгүйсгэхгүй. Тэр үед яагаад 40/60, 30/70 -аар хийсэн юм бэ, яагаад татвараа бүрдүүлээд хийчихгүй яасан юм бэ гэдэг яриа өрнөхийг үгүйсгэхгүй. 2008 онд хийгдсэн Оюутолгойн гэрээгээр 2020 онд яллаж байна шүү дээ.

Одоо Оюутолгойн үр өгөөж 2025, 2026 оноос мэдэгдэнэ.  2024 онд ямар нам ялсанаас шалтгаалаад 2025, 2026 оны Оюутолгойн үр өгөөжийг улс эх орон эдийн засаг дээр мэдрэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ ажлын суурийг тавьснаар Оюутолгой эрчимтэй ургашиллаа шүү дээ. 2024 онд хийсэн намын ажил 2025, 2026, 2027 он гээд мэдэгдэх учраас маш сайн бодох ёстой. Хэдэн хувь гэдгийг бид маш сайн ярьж байгаа. Эцэслэхдээ хэдэн хувиар гэдгийг хамтаараа шийднэ. Шийдэх нь УИХ-ын гишүүд шийднэ.

-Таньд энэ бүгдийг хийх хугацаа маш бага байна, жил гаруйн дараа сонгууль болно. Өөр нэг сайд гарч ирээд Б.Бат-Эрдэнийн хийсэн зүйл хэрэггүй зүйл гээд хаячих вий. Олон бодлого дээр гарч байдаг зүйл шүү дээ?

-Тийм учраас эрх зүйг шинэчилж, реформ хийж байгаа юм. Хуулийг янзалчихсан байхад өөр нэг сайд гарч ирээд дураараа өөрчлөх боломжгүй гэсэн үг. Хуульд эрх зүйн реформуудыг хийж өгч байна. Тусгай хамгаалттай газруудыг эргэлтэнд оруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх санг бий болгох, аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай. Энийг хийчихсэн байхад парламент л өөрчилнө. Бид хүнд зориулсан бодлого хийгээгүй. Бодлого нь байвал хүн нь ирээд бодлого явдаг байх хэрэгтэй. Хүн ирж бодлого гаргадаг биш. Дутуу байсан зүйлийг нь хийдэг. Хүнээс биш бодлогоос улбаатай тогтвортой хөгжлийн асуудлыг хөндөж байна гэсэн үг.

-Б.Бат-Эрдэнэ сайд байх хугацаандаа 1 сая жуулчин авч ирж чадах уу. Ам асуух гээд байна л даа?

-Солонгоос 7 онгоц, Турк руу 2 онгоц, япон руу 2 онгоц, БНХАУ руу 2 онгоц, Америк руу нислэг үйлдэх гэж байна. Би нэг өдөр агаараар тэр чигт нь авъя гээгүй. 2019 оноос өмнө 450-500 мянган хүн ирдэг байсан юм байна лээ. Нэмэгдвэл сайн. Нөгөөдөх нь хил орчмын аялал жуулчлал. 2019 онд орж ирсэн жуулчин дээр 577 мянган жуулчны 168 мянган жуулчин нь БНХАУ-аас орж ирсэн. Хүмүүс ажилчин шүү дээ гэж хэлдэг ч жуулчны визээр орж ирдэг байхгүй юу.

Одоо бид ажилчин, жуулчин гэдэг ангилалын дагуу оруулж ирэх ёстой. Гадаад харилцааны яаманд ч гэсэн тодорхой чиг үүргийг өгөөд явж байгаа. 577 мянган жуулчны 120 орчим мянган жуулчин ОХУ-аас орж ирсэн. Бид 2022 онд 4 сарын 5,6-ны өдрүүдэд эдийн засгийн форум хийж байсан. Форум дээр аялал жуулчлалын салбар яаж хөгжих вэ, дампуурчихлаа гэдэг зүйлийг ярьж байсан. Бид 2019 оны нийт авч байсан жуулчдын 30 хувьд ч хүрч чадахгүй.

Дэлхий аялал жуулчлалын байгууллагаас 2024 онд хүрч байж 2019 оны хэмжээнд очино гэдэг тооцоо судалгаа, томьёоллыг гаргасан. 2022 онд 290 мянган жуулчин авсан. Үүнд БНХАУ-ын хил хаалттай байсан. Нээлттэй байсан бол хэдээр нэмэгдэх боломжтой байсан бол. Хил орчмын аялал жуулчлалыг тооцоход 168 мянган хүн, ОХУ-аас 120 мянган хүн байна. Энэ хоёрыг тооцвол 290 мянган хүн 2022 онд орж ирсэн жуулчинтай дүйцэхүйц жуулчин хил дагуу байна гэсэн үг. Үүнийг хил орчмын аялал жуулчлал хөгжсөнөөрөө 2-3 дахин үржүүлэх боломжтой.

“ХИЛ, ЗААГИЙГ ПАРЛАМЕНТ ТОГТООХГҮЙ БОЛ ГАЗРЫН НАЙМАА ЗОГСОХГҮЙ”

-Богд уулыг дагасан аялал жуулчлалын бүсүүд бүгд хаус хороолол болсон. Дархан цаазтай газар аялал жуулчлал нэрээр зөвшөөрөл олгоод орон сууцны тансаг хорооллууд болоод дуусч байна. Та ч бас энэ асуудалтай тэмцэнэ гэж байсан ч намжсан. Одоо ямар гарц шийдэл байна вэ?

-Би томилогдоод газрын наймаатай холбоо бүхий асуудлуудыг цэгцлэхийн тулд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар бүх хяналтыг тавьж байгаа. Энэ газраа Авлигатай тэмцэх газрын комиссарт шилжүүлсэн. Манай яаман дээр Авлигатай тэмцэх газар өдөр тутам ажиллаж байна гэсэн үг. Бүх хяналтууд тэнд хийгдэж байгаа. Газрын наймаатай холбоотой асуудал маш нарийн юм байна лээ. Дотор талдаа 4, 5 янз байдаг. Тухайн компани дээрээ газар аваад, өөрөө барилга бариад газар биш орон сууц зарсан хүн байна. 

Газар аваад шууд зарсан хүн байна. Газар өгөөд, барилга бариулаад, барилга дотроос хэсэг орон сууцыг аваад зарсан хүн байна. Шинж чанаруудаар тодорхойлж байгаа юм. 2001 онд сайдын түр журам баталсан. Түр журам баталсанаас улбаатай Богд хан уулын газар зарагдаж эхэлсэн юм байна лээ. Авлигатай тэмцэх газар 2001 онд гаргасан түр журам газрын наймаатай холбоотой байна, энэ журмаа цуцал гэж үе үеийн сайдуудад өгсөн юм байна лээ. Харин би тэр түр журмыг цуцалсан. Хоёрт, Авлигатай тэмцэх газрын комиссарыг шилжүүлж авч ирээд газартай холбоотой асуудлуудад дата анализ, судалгаа шинжилгээг хийлгэж байгаа.

Технологи нь  хуучин газар аваад, газраа шилжүүлэх хэлбэр дээр явж байсан.  Харин одоо компани дээр газар аваад компаниа шилжүүлэх хэлбэр дээр явж байгаа. Үүнд цаад талын эзэд нь хэн болохыг гаргаж ирэх хэцүү болсон. Энэ дээр АТГ-т шалгалт оруулах хүсэлт өгсөн. Газар авсан хүнийг шууд хулгайч гэж хэлж болохгүй. Газрыг олгоод, байшин барьсан аж ахуйн нэгжийг ч хулгайч гэж цоллож болохгүй. Бизнесийн нэр төрд халдсан хэрэг болно. Тиймээс маш нарийн үзэх ёстой. Тухайлбал, Байгаль орчин аялал жуулчлалын яам төсөл аваад газар олгож байна.

Тэр төслийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний тамгын газар дээр төслийн дагуу л баталж өгөх ёстой. Гэтэл тухайн төслийг өөрчлөөд А даалгаврыг өгөөд явуулчихдаг. Барилгын ажил эхэлдэг. Очиж шалгаад манайд өгсөн төслийнхөө дагуу биш байна гэхээр нийслэлээс төлөвлөгөө баталж өгсөн гэдэг. Манайхаас газрыг цуцалчихаар шүүхэд очдог. Шүүх дээр очихоор аж ахуйн нэгжийн зөв гэж үздэг. Яагаад гэхээр нийслэлээр батлаад өгсөн хуулиндаа төсөл өөрчилж болохгүй гэсэн санкц байхгүй байна гээд буцаад газрыг нь олгочихдог.

Асуудал байвал асуудлыг гаргаад хяналтын байгууллагад шууд шилжүүлээд явах хэрэгтэй. Алдааг залруулхын тулд тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тэнд нэгэнт газар авчихсан хүмүүсийг яаж ч чадахгүй шүү дээ. Хувь хүний өмч хуулиар хамгаалагдаж байгаа юм. Нураахаар бол хуулийн дагуу л нураах боломжтой. Хууль хоорондын цавчаан дунд орно гэгчээр ийм байдалд орчиж байгаа юм. Байгаль орчин аялал жуулчлалын сайд бол дотоод бүсчлэл тогтоож байгаа юм.

Дархан цаазат, байгалийн цогцолбор, байгалийн нөөц, дурсгалт гээд 4 бүсчлэл тогтооно. Үүн дээр нэмээд суурьшлын бүс дэх тусгай хамгаалттай бүс гэдгийг тогтоох хэрэгтэй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хязгаарлалтын бүс дотор баригдсан барилга байгууламжийн асуудлыг ярьж байна гэсэн үг. Энийг шийдвэл эдийн засгийн эргэлтийг бий болгох боломжтой. Зайсанд гоё амьдрах гэж байгаа бол газрын татвараа өндөр төл. Татвараас төвлөрсөн өндөр орлогыг бусад газар луу хувиарлах, байгаль орчин руугаа зарцуулъя. Би дөнгөж сайд болоод 5594 га газрын хамгаалтын газрыг тэлсэн.

Хэрвээ би нөгөө талаас ажилласан бол 5594 га газрыг зөвшөөрөл олгоод Богд ууланд баригдсан байшин шиг байшин барьж болох байсан. Нөгөө талаас газартай холбоотой асуудалд эмзэг хандах хэрэгтэй юм байна лээ. Газар бол Монгол улсын тусгаар тогтнолын нэг үндэс. Нөгөө талаас газар бол бүх хүний нүдэн дээр байгаа наймаа. Тийм ч учраас газартай холбоотой асуудал дээр зөв бодлого, зөв шийдвэр гаргах ёстой. Ажиллагаанууд бол явж байгаа. Нүхтийн амыг хаасан. Яагаад хаадаг вэ гэхээр дахиж тэнд газар олголт хийхгүй гэсэн үг. Нэг аюул байгаа нь Тусгай хамгаалттай газар нутгийн тухай хуульд албажуулж оруулж өгөхгүй бол дараагийн сайд гарч ирээд газар олголтыг зогсоочихсон байсныг нээгээд хүчингүй болгох эрсдэлтэй.

Тийм учраас хүн ирээд өөрчилдөг биш бодлогоороо явдаг. Хууль эрх зүй орчинд зөвхөн параламентаар л өөрчлөх боломжтой болгох хэлбэр дээр л ажиллаж байна. Газрын наймаатай холбоотой асуудал дээр 1995 оны 26-р тогтоолоор хил заагийн бүсийг УИХ тогтоосон. Бүсчлэлээр нь хил заагийг УИХ тогтоож байгаа юм. Гэтэл дотоод бүсчлэлийг сайд, нийслэл тогтоож байна. Орон нутагт аймаг сум тогтоож байна. Энд л газрын наймаа яваад байна.

Том хил заагийг УИХ тогтоогоод орхичихоор доторх хил зааг дээр аймаг сум, нийслэл, яам ажлаад байна. Энэ тогтолцоог бид өөрчлөх ёстой. Хаашдаа Монгол улс парламентын засаглалтай тул хил заагийг парламент тогтоож байгаа юм бол бүсчлэлийг нь ч зааж өг. Түүн дотор жижигчилсэн хэлбэрээр тогтоодог хэлбэрийг халчих хэрэгтэй. 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс газар олголтыг зогсооно гэдгийг албан ёсоор мэдэгдээд зогсоочихсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргасан зоригтой нэг алхам бол Эрүүгийн хуулийн өөрчлөлт байлаа. Энэ хууль мэдрэгдэх ёстой. Бизнес бодож, хөрөнгөжих гэж төрд орсон бол төрөөс зайгаа авах ёстой. Бизнесийн зарчмаараа сайхан амьдар. Төрд орж хулгай битгий хий. Энэ зарчим дээр л явах ёстой гэж харж байна.

Ш.ЧИМЭГ