Монгол-Беларусийн парламентын бүлгүүд цахим уулзалт хийлээ
2023.02.16

Монгол-Беларусийн парламентын бүлгүүд цахим уулзалт хийлээ

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний хурал дахь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастны Анатолий Тадеушевич нар өнөөдөр (2022.02.15) парламентын бүлэг хоорондын  2023 оны анхны уулзалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа.  

Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж болон бусад албаны төлөөлөл байлцав.

Уулзалт Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаар онцлог.  Талууд хоёр улсын парламентын зүгээс өөрийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тогтвортой урагшлуулахад шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд голлон анхаарч буй чиглэлийн талаар мэдээлэл солилцсон юм.           

Хоёр улс нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлздэг. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдал, боловсролын салбарт идэвхтэй хөгжиж байгааг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан уулзалтын эхэнд тэмдэглээд цар тахлын үеэр Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээгдэж, анхны суурин суух Элчин сайд томилогдон ажиллаж байгаа явдал бол Монгол Улс нь Беларусь Улстай хоёр талын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж онцлов.

Мөн тэрбээр хамтын ажиллагааны хүрээнд тохиролцсон боловч удаашралтай байгаа дараах асуудлыг хоёр тал анхааралдаа авч, ажил хэрэг болгох хүсэлтийг уламжиллаа.  Үүнд:

Белаз, ГМЗ/Гродненский механический завод/ зэрэг том оврын ачааны автомашины дистрибьютер байгуулж, албан ёсны засвар, механик, сэлбэг үйлчилгээний төв байгуулах ажлыг хэрэгжүүлэх,

Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд усалгаатай тариалангийн дэргэд байгуулагдах үнээний фермийг түшиглэсэн “Беларусь” тракторын механикжсан автобааз байгуулах,

Улаанбаатар хотод ачааны вагон угсардаг үйлдвэр байгуулах, соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх, эдийн засгийн форум хоёр талдаа харилцан зохион байгуулах, хоёр орны урлагийн мастеруудын тоглолтыг зохион байгуулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.  

Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний хурал дахь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастны Анатолий  Тадеушевич хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж, хөдөө аж ахуй, боловсрол, нийтийн тээвэр, онцгой байдал, зам тээвэр зэрэг олон салбарт амжилттай төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв.

Уулзалтаар хоёр тал хоёр улсын парламентын харилцааг хөгжүүлэх, бүлгүүд болон Парламентын тэргүүн нарын харилцан айлчлалыг зохион байгуулах бэлтгэх ажлыг хангах зэрэг асуудалд санал нэгдлээ.  УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний хурал дахь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастны Анатолий Тадеушевичийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа