ХЭҮК хүний эрхийг хамгаалах асуудалд шинэчлэл хийж, шинэ арга барилаар ажиллах хэрэгтэй
2023.02.08

ХЭҮК хүний эрхийг хамгаалах асуудалд шинэчлэл хийж, шинэ арга барилаар ажиллах хэрэгтэй

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд парламентад ажлаа тайлагнадаг газруудад ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд өнөөдөр (2022.02.07) Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн хамт Хүний эрхийн үндэсний комиссын удирдлага, гишүүдтэй уулзаж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынх нь талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан хүний эрхийн талаарх хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах тал дээр хэрхэн ажилласан болоод цаашид хэрхэн ажиллах, Монгол Улсад тулгамдаад буй хүний эрхийн асуудлуудын талаар товч танилцууллаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд хараат бус, нээлттэй сонсголоор томилогддог болсныг дурдаад хүний эрхийг хамгаалах асуудлыг хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлж, эрс шинэчлэл хийх, шинэ арга барилаар ажиллахыг даалгав. Түүнчлэн Хүний эрхийг хамгаалах тухай, Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангахад Хүний эрхийн үндэсний комисс манлайлан ажиллах ёстойг сануулсан.

Тэрбээр, Хүний эрхийн асуудлаар иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч холбогдох яамдтай хамтарч цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах хэрэгтэй гэлээ. Мөн цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг жил ирэх тусам өссөөр байгаа. Тиймээс хүний эрх зөрчигдөж байгаа энэ асуудлыг цэгцлэх, иргэдэд цахим хэрэглээний боловсрол, мэдлэг олгох асуудлаар парламентад суудалтай намуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулж хэлэлцүүлэг зохион байгуулахаар болов. Дээрх хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн тус асуудлуудаар сургалт зохион байгуулах төлөвлөгөө гаргаж ирэх хаврын чуулганд танилцуулахыг Хүний эрхийн үндэсний комиссын удирдлагад үүрэг болголоо.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хүний эрхийг хамгаалах чиглэлээр парламент дахь сөрөг хүчин бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд шинжилгээ хийхэд дараах асуудлыг Хүний эрхийн үндэсний комиссоос анхаарах  шаардлагатай гэж үзсэн талаар танилцуулсан. Үүнд ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлдэг байх талаарх хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа нь илтгэлд тусгагдаагүй. Иймд илтгэлийн ач холбогдол, үр дүнг тодорхойлоход комиссын болон гишүүний зөвлөмжийн үр дүнгийн талаар цаашид тайлагнаж ирүүлэх, хүний эрхийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхөд зөрчигдсөн эрхийг сэргээх боломж, дахин давтагдах магадлал, бодлого, үйл ажиллагааг өөрчлөх боломжийн талаарх саналыг тусгах зэрэг хэд хэдэн асуудал багтаж буй юм.

Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисст ирсэн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үр дүнгийн тайлан болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж тогтмол олон нийтэд мэдээлэх, сурталчлах, Хүний эрхийн үндэсний комиссын шаардлага зөвлөмжийн талаар дан ганц Улсын Их хуралд бус иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэйг онцгойлон анхаарууллаа.