2023.02.02
Хүүхдийн сангийн дэмжлэгээр хөдөөгийн эмнэлгүүдийг боловсон ариун цэврийн байгууламжтай болгоно
Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Компланыг хүлээж авч уулзлаа. НҮБ-ын төрөлжсөн байгууллага Хүүхдийн сан Монгол Улстай хамтын ажиллагаа эхэлсний 60 жилийн ой тохиож буй юм. Хүүхдийн сан эрүүл мэндийн салбарт эх, нярай болон бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, нярайн эндэгдлийг бууруулах, товлолт вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх, өсвөр насныхаанд эрүүл мэндийн боловсрол олгох, ариун цэвэр, усан хангамжийг сайжруулахад анхаарч бодитой тусламж дэмжлэгийг үзүүлж ирсэн бидний хамгийн ойрын түнш билээ.
Тус сангаас 2023-2027 онд Монгол Улстай хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж баталсан бөгөөд үүнд эрүүл мэнд, хоол тэжээлийн хангамж, боловсрол, нийгмийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, усан хангамж, ариун цэврийн байгууламжтай холбоотой асуудлууд орсон. Мөн нийтийг хамарсан гамшгийн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ тэр дундаа хүүхдийн мөнгөтэй холбоотой олон ажил төлөвлөснийг Суурин төлөөлөгч танилцуулсан юм. Эдгээрээс хөдөөгийн сумдын ЭМТ-ийг цэвэр бохир усны системд холбож, орчин үеийн боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг энэ онд эрчимжүүлэхэд анхаарахыг ноён Эваристе Коуасси-Компланаас хүслээ. Ингэхдээ орон нутгийн онцлогт тохируулах шаардлага байгааг ч хэлсэн.
Эваристе Коуасси-Компланы хувьд усан хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр улс орнуудад ажиллаж байсан туршлагатайн дээр Монгол Улсад томилогдож ирснээс хойш нэг жилийн дотор 11 аймагт ажиллаж, хөдөөгийн аж амьдрал, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудалтай танилцаад амжсан гэж байлаа. Суурин төлөөлөгч бид хоёр олон зүйл дээр санал нэгдэж байв. Тэдгээрийн нэг нь хүүхдийн мөнгө. Тэрбээр ковидын хүнд үеийг туулахад дэмжлэг болгох үүднээс хэмжээг нь нэмж 100 000 төгрөг болгосон хүүхдийн мөнгийг тодорхой хувиар багасгаад ч хамаагүй хүүхэд бүрт өгөх ёстой хэмээн сошиалд байр сууриа илэрхийлсэн байсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn