Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “НЗДТГ нь Азийн сантай нягт хамтран ажилладаг бөгөөд нийслэлийн иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зэрэг зорилгын хүрээнд “Хотын засаглалыг сайжруулах” төслийг 2015-2022 онд амжилттай хэрэгжүүлсэн” хэмээв.
Түүнчлэн Зүүн хойд Азийн бүс нутагт Улаанбаатар хотын эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хотуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг 2014 оноос эхлэн хоёр жил тутам хамтран зохион байгуулахад хүний нөөц болон санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж, хамтарч ажилладагт талархлаа илэрхийлсэн юм. Мөн цаашид энэхүү форумын үйл ажиллагааг өргөжүүлэх нь Улаанбаатар хотын хувьд маш чухал гэдгийг дурдаж байлаа.
Уулзалтын төгсгөлд талууд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn