2023.01.19

Ё.Баатарбилэг: Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулж байгаа хонжворт сугалааг хэрхэн зохицуулах вэ

УИХ-ын /2023,01,19/-ны өдрийн ээлжит чуулган үргэлжилж байна. Хуралдаанаар "Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Сүүлийн үед манайхны дунд азанд найддаг, зүгээр сууж байгаад ашиг орлого олох бэлэнчлэх сэтгэлгээ хавтгайрсан. Хүүхэд хөгшидгүй өртөж байна. Биткойн гээд явлаа. Мундаг ашиг орлого хийж байна гээд бүгдээрээ хошуурч байгаад залилангийн хэрэг рүү орчихсон сураг байна. Сугалаа, хонжвор, таавар луу нийтээрээ хавтгайрч орж байгаа нь нийгмийн оюун санаанд мөн хүүхэд багачууд нь утсаараа янз бүрийн тоглоом тоглохоос эхлээд сөргөөр нөлөөлж байна.

Энэ хуульд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй бооцоот таавар, тоглоомыг яаж зохицуулахаар орж ирж байгаа вэ? Хуулийн концевц нь уг асуудлыг цэгцэлж, хумихаар байгаа юу?

Бооцоот таавар тоглоом уралдаан руу хошуураад байгаа нийгмийн сэтгэлзүйг Монголын төр засгаас зөв залуурдаж, сөрөг нөлөөллийг бууруулж, багасгаж харин ажил хөдөлмөр эрхлэх боломжийг яаж олгох юм.

Эсвэл бооцоот, таавар тоглоом уралдааныг хуульчилсан гээд зөнд нь тавих гээд байна уу? Цахим орчинд холбогдож, бооцоотой тоглодог pubg гэх тоглоом руу залуучууд их орж байна. Энэ тоглоом хуульд орж байна уу? Нэг хэсэг нь үүнийг дэлхийн спорт болчихсон, хууль бус зүйл биш оюуны спорт гэж байна. Энэ зүйл аль талдаа явж байгаа вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.