Х.Нямбаатар: Нүүрсний хэрэгтэй холбоотой шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг маргааш эхнээс нь зарлахаар төлөвлөсөн
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнөөдөр нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах болсныг мэдэгдэж байна. Ингэхдээ дэлхийн топ аудитын компаниас шалгаруулж, санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын хөдлөнгийн иж бүрэн аудит оруулахаар шийдвэрлэсэн. "Эрдэнэс тавантолгой ХК"-ийг цаашид олон нийтэд нээлттэй болгож, олон улсад IPO гаргах чиглэлээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална.
Нүүрсний хэрэг дээр танилцуулга хийгдэнэ. Ойролцоогоор нэг сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, холбогдох хүмүүсийг шалгана. Тухайлбал, 2017 оны тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20 хүртэл 207 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй. Өмнө нь 2013 онд ийм хэрэг шалгагдаж байгаад хаагдсан байсан. Үүнийг сэргээн шалгана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажлын дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй. Мөрдөгч нарын тоог нэмнэ. Нэг нүүрсний тээврийн машиныг таван жолооч барьсан. Үүнийг нэг бүрчлэн шалгаж байна. Хил хамгаалах ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байгаа. “Эрдэнэс тавантолгой” ХК 12 жилийн хугацаанд 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Үүнээс оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг ил болгосон. Энэ хэрэгт холбоотой шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг маргааш эхнээс нь зарлахаар төлөвлөсөн.