"ЖАЙКА" Монгол Улсын боловсролын салбарт нийт 42 тэрбум иений хөгжлийн албан ёсны тусламж үзүүлжээ
2022.11.02

"ЖАЙКА" Монгол Улсын боловсролын салбарт нийт 42 тэрбум иений хөгжлийн албан ёсны тусламж үзүүлжээ

Монгол-Япон орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жил, Монгол Улсад ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жил, ЖАЙКА-ийн сайн дурын гишүүн томилж эхэлсний 30 жилийн ой тохиож байна. /2022.11.01/

Өнгөрсөн хугацаанд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын хөгжилд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан. Үүний дотор боловсролын салбарт нийт 42 тэрбум иений хөгжлийн албан ёсны тусламж үзүүлснээс 30 тэрбум иений буцалтгүй тусламж, 4.5 тэрбум иений техникийн хамтын ажиллагаа болон 7.5 тэрбум иений зээлийг олгосон нь Монгол Улсын боловсролын салбарын тэргүүлэх таван донор улсын нэгд зүй ёсоор тооцогдож байна.

1990 оноос Японы ард түмний “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монгол орны аймаг бүрд сургууль, эмнэлгийн барилгыг засварлах, өргөтгөх, шинээр барих зэргээр оршин суугчдын хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх төслүүд хэрэгжсэн.

Мөн буцалтгүй тусламжаар 59 бага, дунд сургуулийн байр, 716 анги танхим шинээр байгуулсан байна. Энэ сургуулиудад 25700 хүүхэд суралцаж байна.

Япон улсын хөгжлийн албан ёсны тусламж Монгол улсын 21 аймаг 329 суманд хүрч, хүн ам, байгаль орчин, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбаруудад өөрийн үр өгөөжийг өгч, эдийн засгийн өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Хүний нөөцийг бэлтгэх чиглэлээрх төслүүдийн үр дүнд олон инженер техникийн ажилчид, багш сурган хүмүүжүүлэгчид, төрийн албан хаагчид мэргэжил, ур чадвараа дээшлүүлэн ирж, Монгол улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.